Монгол Ертөнц уншиж байна

Бид яг хэн юм бэ? Бид яг юу хүсээд байгаа юм бэ? Бид хаашаа яваад байгаа юм бэ?

NTV “Үзэл бодлын зөрөг” нэвтрүүлэг                               2019.05.01

Оролцогч: Дангаасүрэнгийн Энхбат – Хархорум Дижитал Академийн үүсгэн байгуулагч

Сэтгүүлч: Б.Уранчимэг

Сэтгүүлч: Өнөөдөр бид энэ олон тулгамдсан асуудлуудаас ямар асуудлыг нүдээ аниад, огт хэрэгсэхгүй байна вэ? Нэвтрүүлгээр ярих ч үгүй байгаа асуудал байна уу?

Ер нь бол нэлээд байгаа. Гэхдээ миний хувийн бодлоор гол чухал асуудал бол …

  • Бид яг юу хүсээд байгаа юм бэ?
  • Бид яг хаашаа яваад байгаа юм бэ? 
  • Монголчууд өнөөдөр дэлхийн 7 тэрбум хүний дунд хаана нь байх юм бэ?
  • Бид бусдаас юугаараа илүү юм бэ? юугаараа дутуу юм бэ?
  • Хамгийн гол нь бид тэд нар юу өгөх юм бэ?, бид бас юу авах юм бэ?
  • Ер нь манай хүүхдүүд юугаар, яаж амьдрах юм бэ?
  • (Хүүхдүүдээ яаж сургах гээд байгаа юм бэ? Их дээд сургуулиудаа яах юм бэ?
  • Эрүүл мэндээ яах гээд байгаа юм бэ? гэх мэтчилэн…)

Өнөөдөр энэ бужигнаж байгаа ертөнцөд Монголчууд байр сууриа олохын тулд НЭГДСЭН, бүгдийнх нь толгойд ИТГЭЛ ҮНЭМШИЛ эсвэл ИРЭЭДҮЙГЭЭ ХАРСАН ДҮР ЗУРАГ байх хэрэгтэй.

Өнөөдөр нийгэм маш бухимдуу байгаагийн нэг том шалтгаан бол хүмүүс итгэл үнэмшлээ алдчихсан байгаа байхгүй юу.

Бид хөлөө олохгүй бол бид нарын амьдрал тэгшрэхгүй. Ямар ч улс төр хийгээд, ямар ч мөнгө олоод, эцсийн эцэст өнөөдрийн бужигнаан, бидний учраа олохгүй байгаа байдал бол бид нар өөрсдөө яг хэн юм бэ? Бид яг юу хүсээд байгаа юм бэ? (Үндэсний онцлог шинж чанар буюу нийтлэг шинж чанар) гэдэг бүх түвшинд тодорхойгүй байгаагаас үүдэлтэй.

Бид одоо зог тусаад, амс хийгээд ер нь бид яах гээд байгаа юм бэ гэдгээ энэ гурван сая хүн ойлголцох хэрэгтэй. Тэгэхгүй бол зүгээр нэг улс төрөөр шийдэгдэхгүй.

Юу хийхээ мэдэхгүй хүнд бол эрх мэдэл, мөнгө хоёр тус болохгүй. Эсрэгээр бүр аюултай.

Сэтгүүлч: Монголчууд бид дэлхийн хөдөлмөрийн харилцаанд яаж орох юм бэ?

Хөдөлмөрийн хуваарьт оролцохын тулд бид нар хүнд ямар нэг өгөх юмтай байх ёстой. Тэгэхгүйгээр дандаа гуйлга гуйж орж болохгүй шүү дээ.

  • Бид яг бусдад юугаар туслах юм бэ?
  • Юуг өгөхийн, бусдаас юу авах юм бэ?
  • Юугаараа хамтрах юм бэ?

Олон улсын хамтын ажиллагаанд оролцоно гэдэг чинь, Хамтарч юм хийнэ гэсэн үг, хамт хуралд сууна гэсэн үг биш.

  • Бид бусадтай нийлж юу хийх юм бэ?
  • Түүгээрээ яаж хамтарч мөнгө олох юм бэ?
  • Түүнийгээ яаж хувааж авах юм бэ?
  • Түүгээрээ яаж сайхан амьдрах юм бэ? гэдэг л асуулт. Бид бусадтай хийх юмтай байж бид хамтарна шүү дээ.

Сэтгүүлч. Нүүрснээс өөр өгөх юм байна уу, бид нарт?

Байх ёстой…

Сэтгүүлч: Ер нь бид нар ямар ч байсан өдий зэрэгтээ энэ жижиг улс энэ газар нутаг дээр ингээд байсан бид нарын түүх ер нь юуг илтгэн харуулж байгаа? Магадгүй бид нар зөвхөн Чингис хаанаа, дэлхийг эзэлж явснаа ярих уу? Гэтэл тэрний үндэс нь юунд байсан юм бэ гэдгийг ойлгохгүй ирсэнд учир байна уу?

Түрүүний миний хэлдгээр, Монголчууд яг хэн юм бэ? Бид хэн юм бэ? Бид энэ олон тэрбум хүний дунд хэн байж ирсэн юм бэ? Ямар үүрэгтэй ирсэн юм бэ? Ямар хувь тавилантай ирсэн юм бэ?

Тэгэхлээр, Чингис хааны тухай жишээлбэл яръя л даа, нэгэнт Монгол хүн болгон мэддэг сэдэв учраас.

Бид нар бол дандаа түүхийг адал явдалтай кино шиг ярьдаг байхгүй юу.

Асуулт. Чингис хаан яг юуны төлөө явж байсан юм бэ? Яагаад энэ дэлхийн том хүн болсон юм бэ?

Асуулт. Чингис хааны, Монголчуудын хүн төрөлхтөний соёл иргэншилд, түүхэнд оруулсан үнэт зүйлүүдийг харах хэрэгтэй.

Жишээлбэл, дэлхийн анхны даяарчлал буюу Ази-Европыг холбосон,
Торгоны замын аюулгүй байдлыг хангасан,
Худалдаа, дипломатын халдашгүй байдал,
Мөнгө, татварын нэгдсэн тогтолцоо,
Эмэгтэйчүүдийн оролцоо их хүчтэй байсан,
Шашинд тэнцүү харьцдаг байсан,
Хамгийн чухал нь Хууль бүхнээс дээгүүр гэдэг ойлголтыг авчирсан.

Хаанаас дээгүүр Хууль байдаг юм гэж.

Энэ бол хүн төрөлхтөнд оруулсан үнэтэй хувь нэмрүүд, тэр дэвшилтэд үзэл нь асар том улс, гүрнийг бий болгох боломжийг олгосон.

Монголчуудын оруулсан үнэт зүйл нь бол Өнөөдрийн Монголчуудын, бид нарын сүнс байх ёстой байхгүй юу.

Монголчууд бол хүн төрөлхтөний түүхэнд хэдий цөөхөн ч гэсэн, жижигхэн ч гэсэн маш том түүхтэй үндэстний онцлог нь энэ байхгүй юу.

Яагаад маш том түүхтэй юу бэ гэвэл маш том үзэл санаагаар гарч ирсэн учраас.

Тийм учраас би бол өнөөдрийн Монголчууд энэ итгэл үнэмшил,  ялангуяа энэ даяаршлагдсан дэлхий ертөнцөд өөрийнхөө үнэт зүйлсийг дахиж эргэж харах хэрэгтэй. Үүнийгээ бид нар тулгуураа болгох хэрэгтэй.

Сэтгүүлч: Үнэт зүйлийг эргэж харах, үнэт зүйлээ үнэтэй болгох асуудал чинь яаж эхлэх юм бэ? Юунаас эхэлмээр байна вэ?

Жишээлбэл, манай төв талбай дээр Чингис хааны цементэн хөшөө байна тэ? Үгүй, тэр хөшөө яах вэ? би бол тэгж боддог юм, хөшөөг бид нар 1000 мөргөөд ч тэр сүнсгүй, шүншиггүй тийм зүйл шүү дээ.

Хэрвээ бид нар энэ хөшөөний хажууд алтан үсгээр Чингис хааны мөрдөж байсан 10 алтан дүрмийг бичээд, бид нар энэ алтан дүрмийг нь залгамжлаад мөрдөж байгаа юм аа. Шударга бай, сахилга баттай бай, зохион байгуулалттай бай, хууль бүхнээс дээгүүр, шашныг хүндэтгэнэ гээд 10 гол алтан дүрмийг нь бид нар цээжлээд, өөрөөр хэлбэл сүнсийг нь авч явдаг бол бид нар үнэхээр Чингисийн залгамжлагчид мөн.

Аа, гэтэл энэ 10-ыг нь хаячихаад одоо цөмөөрөө авлига авна, отго жинсээ чулуу болгоно, бие биенээ матна, ингээд гүйлдээд байвал энэ үнэхээр Чингисийн төр биш байхгүй юу, магадгүй Манжийн төрийн үргэлжлэл, бид нарын хэлдгээр.

Тэгэхлээр энэ, төрийн өндөрлөгөөс ч тэр, хувь хүний түвшинд ч тэр (одоо жишээлбэл, миний ойлгож байгаагаар, усанд юмаа угаадаггүй, байгалиа дээдэлдэг, энэ бүх зүйлүүд, энэ бүх чадал бол өнөөдрийн Монголчуудыг 3000 жил энэ Төв Азийн жилийн дөрвөн улиралтай, жилийн дундаж температур нь хасах хоёр градус, усгүй, хүйтэн, тэгээд энэ том хөршүүдтэй энэ хэцүү нутагт авч гарч ирсэн байхгүй юу. Өөрөөр хэлбэл энэ тулгуур үзэл бодол нь.) Тэгэхлээр энэ бид нарыг авч гарч ирсэн энэ хүчтэй зүйл бол буцаагаад бид нарыг цааш нь авч явна. Мэдээж үүн дээр орчин үеийн шинжлэх ухаан, техник, мэдлэг, орчин үеийн бүх юм орж ирнэ. Гэлээ гэхдээ Монголчуудын хүчтэй чанар нь бол бид нарыг 3000 жил, энэ түүхэнд байгаа гол зүйлүүд чинь бид нарыг авч явна шүү дээ. Тэгэхлээр одоо бол Монголчууд яг энэ бол бид нарын Легаси буюу бид нарын өв, үнэт зүйл байхгүй юу. Үүн дээрээ үндэслээд бид буцаад яаж шинэ Монгол улсыг, орчин үеийн хүчтэй Монгол улсыг, бүс нутагтаа дахиад бусдыг байлдан дагуулдаггүй юмаа гэхэд бусдын хүндлэл, энэ тэнцүү харьцах боломжтой үндэстнийг байгуулах уу? гэдэг л асуулт байхгүй юу.

Тэгэхлээр энэ чинь шинээр зохиогоод, аль эсвэл Германаас, Японоос, Америкаас … хайлгүй л яахав, гэхдээ бас манайд байгаа байхгүй юу.

Сэтгүүлч: Бид ийм эрс тэс уур амьсгалтай, далайд гарцгүй, хүн ам цөөхүүлээ гээд өөрсдийнхөө дутагдлыг их ярьдаг л даа. Өнөөдрийн байгаа байдлаа ямар нэг байдлаар зөвтгөх гээд эсвэл өмөөрч хамгаалсан байдлаар ярьдаг. За одоо тэгтэл бид нарт байгаа давуу тал юу байна? Дутагдлаа ямар нэг байдлаар давуу тал болгох болох арга байна уу?

Ер нь бол түүхэнд байсан дутагдал түүхийн аясаар байхгүй болчихдог. За жишээлбэл, би Хархорум Академынхаа тухай яръя л даа. Хүн болгон, бид бүгдээрээ мэднэ, саахалтын айлуулд байг, цөмөөрөө ааруултай, цөмөөрөө адилхан тарагтай, цөмөөрөө адилхан адилхан айрагтай, цөмөөрөө адилхан нэг сур илддэг, товчоор хэлбэл бид нарт бие биедээ өгөх юм байхгүй, авах юм байхгүй. Наадмаар, цагаан сараар нэг уулзаж баярлацгаадаг. Нэг ийм нийгэм, энэ чинь бол түрүүний хэлдгээр хүйтэн, ширүүн уур амьсгалд цөөхөн ард түмэн амьд үлдэх эдийн засгийн харилцаа. Яагаад гэвэл хоёр саахалт айлын хооронд орчин үеийн хэллэгээр хэлбэл наймаа хийх үнэ нь бараанаасаа үнэтэй байхгүй юу. Тэгэхлээр чинь зэрэг, бараа тараг зөөх нь тарагнаасаа үнэтэй. Энэ нь эдийн засгийн хувьд бол амьд үлдэх харилцаанууд, амьд үлдэх тогтолцоо. Гэтэл өнөөдөр, орчин үед бол бид нарын сул тал байхгүй болчихож байгаа юм.  Орчин үеийн дижитал, интенэт, энэ орчин үед бол орон зай хамаагүй болчихлоо шүү дээ. Жишээлбэл, Нью-Йоркод байна уу, хажуугийн өрөөнд байна уу, гудамжны нөгөө талд байна уу, хажуугийн өрөөнд байна уу, энэ интернэтийн наймаа худалдаа бүгд орон зайнаас хамаарахгүй, дээрээс нь бол Монголчуудын цөөхөн нь бол хамаагүй болчихсон юм. Яагаад гэвэл өнөөдөр Uber, Skype гэдэг юм уу, орчин үеийн өчнөөн тэрбум долларын компаниудыг хэдхэн хүмүүс санаачлаад эхэлж байна байна, хийгээд байна.

3-рт Монголд хүйтэн, жилийн ихэнхи улиралд нь ургамал ургадаггүй, хөрсний үржил шим бага, тэгвэл ОЮУНЫ ХӨДӨЛМӨР үүнээс хамаарахгүй.

Тэгэхлээр яг өнөөдрийн 21-р зуунд байгаа энэ боломжууд бол Монголчуудыг, дэлхийнхний хэлдгээр Цагаан хэрэмний цаана, говийн цаад талд, Сибирь, Говь хоёрын дунд мартагдууулсан энэ бүх сөрөг талууд маань байхгүй болчихлоо шүү дээ. Онгоцтой болчихлоо, орчин үеийн болчихлоо. Тэгэхлээр одоо Асуулт, Монголчууд өөрсдөө энэ боломжоо хараад дахиад шинээр сэтгээд, шинээр явах хэрэгтэй л дээ. Өмнө байсан зүйл мэдээж байсан, аа тэр бол одоо байхгүй шүү дээ.

Сэтгүүлч: Интернэтийн боломжийн тухай улс орон даяараа, дэлхий нийт даяараа л ярьж байна л даа, гэтэл бид нар бол интернэтийг харахдаа гүтгэн доромжлох эсвэл одоо ямар нэг итгэн үнэмшүүлэх, ятган албадах гэдэг юмуу тэр чиглэлд зориулсан юманд ашиглаад байна уу? Гэтэл саяхан би мэдээ уншиж байхад, Монгол IT(мэдээллийн технологийн) инженерийн хомсдолд орчихлоо гэх юм. Тэгэхлээр Монгол улс дахь хөдөлмөрийн харилцаа, энэ ажилгүйдэл гэдэг юм чинь энэ интернэтийнхээ давуу талтай бас хамаарахгүй болж таараад байна уу?

Үгүй яахав, би их хурлын гишүүдийн ярьж байгааг сонссон л доо.

Жишээлбэл, интернэтийг биш далайгаар яръя. Монгол ингээд далайтай байг, за Монгол хүмүүс далай руу гараад дээрэм хийгээд байна, бусадтай муудалцаад байна, тэгвэл яах юм бэ? завинуудыг нь устгах юм уу? усан онгоцнуудыг нь шатаах юм уу?

Асуулт бол, тийм замаар хүнийг далайд гарахыг хорьж болохгүй шүү дээ. Зүгээр л бид нар өөр харилцаанд орох ёстой, өөр соёлд орох ёстой, хөгжих ёстой. Яг түүнтэй адилхан интернэтээр ороод хүн муу хэлээд байна гээд интернэтийг нь хааж болох уу? гэдэг асуулт. За яахав, хаалаа. Хэдэн жил хаах юм бэ? 10 жил хаах юм уу? Тэгээд буцаад агуудаа орох юм уу? эсвэл талаар гэр бариад талдаа нэг тарах юм уу?

Асуулт бол, муу юм байгаа нь үнэн, гэхдээ тэрэнтэй ухарч тэмцэж болохгүй шүү дээ. Урагшаа явна, соёлыг нэмнэ, боловсролыг нэмнэ, энэ харилцааг өөрчилнө.

Тэгэхлээр Монголын хувьд интернэтийн хөгжлийг бид нар өөрсдийнхөөрөө сэтгээд байгаа байхгүй юу. За яахав регистрийн дугаараар оруулчихъя, тэгээд үнэхээр дагах юм уу? Өөрөөр хэлбэл өнөөдөр интернэтийн дэлхийн хэрэглэгчдийн 0,1%-д ч хүрэхгүй шүү дээ бид нар. Тэгэхлээр Монгол регистрт орлоо гээд дэлхийн бүх орон дуурайгаад эсвэл Монголд зориулж тусдаа юм хийх юм уу? Тэгэхлээр энэ бол дэлхийн нээлттэй далайн дүрмийг Монгол энд хууль гаргаад өөрчилнө гэж байхгүй, энэ ярианууд бол дэмий яриа.

Аа, асуулт бол, за тэгвэл энэ юмнуудыг тоохгүй байх юм уу? Үгүй, зүгээр л маш энгийн. Бид нар боловсролоо дээшлүүлээд, хүүхдүүдээ багаас нь орчин үеийн дижитал ертөнцтэй яаж харьцах уу, яаж аюулгүй байдлаа хамгаалах уу? яаж хүний этик ёс зүй, ёс суртахууныг дагах уу? Энэ бүгд чинь ерөнхийдөө хүний суурь асуулт байхгүй юу. Өөрөөр хэлбэл ёс суртахуунгүй хүн бол интернэт байсан ч муу хэлнэ, цаасан дээр ч муу хэлнэ, цаасгүй интернэтгүй байсан ч муу хэлнэ. Тэгэхлээр энэ бол хэрэгслийнх нь асуулт биш байхгүй юу. Тийм учраас Монголын хувьд энэ асуултыг арай өөр өндөр түвшинд тавих хэрэгтэй. Зүгээр интернэт бол 10% нь муу юм байна, 90% нь бол маш өндөр хөгжил авчирч байгаа. Тэгэхлээр одоо 90%-аа ашиглах тухай яриа байхгүй юу.

Сэтгүүлч: Бидний өөрсдийн хөдөлмөрийн зах зээл, өөрсдийн энд ажиллах чадвар энэ

Тэгэхлээр ер нь бол яахав харагдаж байгаа нь бол IT мэдээллийн технологийн инженерүүд дутагдаж байна гээд тод харагдаж байгаа учраас яриад байгаа юм. Гэтэл үндсэндээ, миний бодлоор бүх инженерүүд дутагдаж байгаа шүү дээ. Бид нарт өнөөдөр чанартай сайн тогооч ч олдохгүй байна. Сайн дарга ч олдохгүй байна, сайн эмч ч олдохгүй байна, сайн багш ч олдохгүй байна шүү дээ, шинээр. Энэ ер нь бол боловсролын тогтолцооны нийтлэг асуудал л даа.

Ер нь бол мэдээллийн технологи яагаад хурц тавигдаад байгаа юм бэ гэвэл манай мэдээллийн технологийн дажгүй сайн залуус нь гадагшаа гараад явчихсан байгаа байхгүй юу. Яагаад гэвэл, гадна тал …… орон болгон энэ дижитал зах зээл, дижитал худалдаа, дижитал эдийн засаг, өөрөөр хэлбэл цахим эдийн засаг ирээдүйн хөгжил гэдгийг ойлгоод засгийн газрууд, улс орнууд маш том зорилтууд тавьж байна. Компаниуд нь маш их хөрөнгө хаяж байна. Тэгэхлээр дэлхий даяар тийм инженерүүдийн хэрэгцээ өндөр байна. Улс орон болгон гаднаас хэдэн сая мэдээллийн технологийн хүн авна гээд зарлаад байна шүү дээ. Тэгэхлээр манайхаас хамгийн түрүүнд явчихаж байгаа юм. Яагаад гэвэл Монгол тийм зорилго тавихгүй байгаа байхгүй юм. Тэгэхлээр энд байгаа сайн залуу манай засгийн газар, манай улс, манай бизнес, томоохон улс орны хөгжлийн зорилтууд тавихгүй болохоор залуучууд хаана илүү ирээдүй тод харагдах уу, гадаадад л харагдана шүү дээ. Тийм учраас энэ бүгд бол үнэхээр нэг талаас боловсролын дутагдал байгаа, нөгөө талас хэрэгцээ байхгүй байхгүй юу, Монголд. Яагаад гэвэл бид улс орноо нөгөө ярьдаг нүүрсээ л яриад сууж байгаа шүү дээ. Тэгэхлээр мэдээллийн технологийн инженерүүд 10, 20 жил нүүрс сонссон, тэгээд яахын уурхайчин болох юм уу? Цөмөөрөө л явна шүү дээ, Монголоос.

Яг иймэрхүү байдал үүсээд байгаа байхгүй юу. Энэ бол юу гэхээр бид дэлхийн хурдаас хоцрохоод ирэхээр, залуучууд Монголтойгоо хамт хоцрогдохыг хүсэхгүй байна шүү дээ. Тэд нар бас явмаар байгаа шүү дээ.

Сэтгүүлч: Дижитал ертөнцөд яаж гарах вэ? Дижитал ертөнцөд оролцох оролцоо маань тээр хол уулын цаана харагдаад байна уу даа?

Үгүй яахав, яг өнөөдөр бол бид нарт их өвөрмөц шинэ үе байна. Өөрөөр хэлбэл дэлхийн бүх орнууд аж үйлдвэрийн 4-р хувьсгал буюу эдийн засгийн, нийгмийн шинэ харилцаанд орж байна. Америк ч орж байна, Эстони ч орж байна, Африкын орнууд ч орж байна, Монгол ч орж байна. Өөрөөр хэлбэл гарааны нөхцөл бол түүхийн хувьд дахиад эхэлж байгаа байхгүй юу. Энэ шинэ харилцаа нь юу юм бэ гэвэл түрүүний ярьдгаар орон зайнаас хамаарахгүй, хүн амын цөөнөөс хамаарахгүй, байгалийн халуун хүйтнээс хамаарахгүй, илүү оюуны үйлдвэрлэлийн харьцаа руу орж байна.

(Интернэт ер нь бол) Тэгэхлээр Монголчууд бол энд тоглох их шаанстай. Асуулт бол, үүнийг бид нар ойлгох хэрэгтэй, тэгээд яаж оролцох юм бэ?
Тэгэхлээр эндээс би нэг зүйлийг хэлэх гэсэн юм.

Монголчууд түүхийн туршид холбогч үндэстэн байж ирсэн. Өөрөөр хэлбэл Ази-Европыг холбож байсан, дэлхийн олон орнуудыг мөнгө санхүү, хууль, татвар, бүх юмаар нь холбодог. Тэгвэл өнөөдөр бид дахиад өөрсдөө дэлхийтэй холбогдох ёстой. Монголын компаниуд хоорондоо холбогдох ёстой, компани нь дотроо холбогдох ёстой.

Яагаад холбоос гэж байгаан гэхээр хоёр хүн эхлээд холбогддог, дараа нь хоёулаа хоршдог, өөрөөр хэлбэл хэлхэлддэг. Юу гэсэн үг вэ гэвэл одоо хоёулаа нийлээд нэг баг болдог. Хэлхэлдсэний дараа төрөлждөг. Төрөлжсөний дараа мэргэшээд бүтээмж нь дээши лдэг. Бүтээмж нь дээшлэхээр бид хүнтэй өрсөлдөх боломжтой болдог.

Өөрөөр хэлбэл уулын мухарт ганц ганц юмтай бол хэзээ ч өрсөлдөхгүй. Жишээлбэл, орчин үеийн жишээ хэлье л дээ.
Тэрэлжид очъё. Тэрэлжид нэг гуч, дөч, тавин компани байна. Гэтэл цөмөөрөө нэг адилхан 10 гэртэй, муухан хоолны газартай, нэг муухан автобустай, ямар ч ялгаа байхгүй. Тэгэхлээр гадаадад яг ийм газарт очихоор төрөлжчихсөн байдаг. Нэг нь сайн ресторанууд байгуулчихсан, нэг нь маш сайн зочид буудлууд, нэг нь маш сайн тээврийн компани, нэг нь уул руу авч явдаг гээд. Яагаад гэвэл төрөлжилт байж бүтээмж дээшилдэг, үнэ хямдардаг, орчин үеийн технологи нэвтэрдэг, мэдлэг нэвтэрдэг.

Тэгвэл энэ бүхний эхлэл бол холбогдож байж гэсэн үг шүү дээ. Тэгэхлээр энэ дижитал ертөнц чинь энэ төрөлжилт оролцоог бидэнд нээчихгүй юү. Зөвхөн бид Монгол дотроо төдийгүй, Нью-Йорк уу, Өвөрмонгол уу, Буриад уу адилхан болчихсон.

Өнөөдөр Монголын хүн болгон фэйсбүүкээр дэлхийн долоон тэрбум хүнтэй холбогдож байна. Гэтэл хоорондоо гэдэг юмуу, компанийнхаа захиралтай холбогддоггүй. Компаниуд нь хоорондоо холбогддоггүй. Өөрөөр хэлбэл бид энэ харилцаа холбоо, төрөлжилт, бүтээмжийн уралдаанд орохгүй байгаа байхгүй юу.

Сэтгүүлч: Энэ юуных вэ? Монгол хүний сэтгэлгээний онцлог уу?

Гэхдээ яахав, тийм юм байгаа. Гэвч хүний сэтгэлгээнд бас нэг өвөрмөц юм байдаг. Хүний сэтгэлгээ маш хурдан солигддог.

За жишээлбэл, Сингапурыг харъя л даа. Хүмүүс ярьдаг шүү дээ, 30 жилийн дотор хамгийн хоцрогдсон орноос хамгийн орчин үеийн орон болсон. Бид Солонгосчуудыг мэднэ.

Тэгэхлээр, магадгүй бид нарт тийм зүйл байгаа. Амиа аргацаасан аж ахуй гэж нэрлэдэг шүү дээ. Дор дороо нэг ямбий машинтай, нэг 10 ортой, нэг муухан хоолны газартай, тэгээд амьд үлдэнэ гээд зүтгэдэг.

За байгаа нь үнэн. Гэхдээ үүнийг арилгаж бас болох байхгүй юу. Ялангуяа дэлхий даяараа үүнийг арилгаж байгаа үед.

Тийм учраас, энэ бол нэг зоосны хоёр тал.
Мэдээж бид нарт байгаа, гэхдээ үүнийг арилгаж болно, хүсвэл.

Тэгэхлээр, Асуулт, Байгаа үгүйн тухай яриа биш, бид нарт ХҮСЭЛ байгаа юу гэдэг асуулт.

Хүсэл нь байвал бусад нь болно.
Яагаад гэвэл орчин үеийн энэ холбоос чинь өөрөө хямдхан болчихлоо шүү дээ. Нөгөө хуучин тээвэр нь, зөөх нь маш үнэтэй байсан бол одоо өнөөдөр ер нь утсаар ярьсан, интернэт ер нь л бараг миний өөрийн гэртээ сууж байхаас хямдхан байгаа шүү дээ.

Тийм учраас орчин үеийн ертөнц бол хуучны зүйлээр хэмжигдэхгүй л дээ.

Аа, тэгэхлээр яг энэ онцлог бол,

Өнөөдрийн Монголчуудад шинээр улс орныхоо эдийн засаг, бизнесээ, хоорондын харилцаагаа, ялангуяа дэлхий дээр бид нар хэн байх юм бэ, яаж оролцох юм бэ гэдэг энэ бүх юмыг шинээр харах бололцоо олгож байгаа байхгүй юу.

Сэтгүүлч: Монгол улс холбогч орож байжээ гэж таны яриа. Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч маань энэ дэлхийн том бас нэг том холбоос байгуулагдах гэж байгаа үүнд оролцоод явж байна шүү дээ. Хятад бол үүн рүү эргэлт буцалтгүй орчихлоо доо. Тэгвэл бид энэ дунд таны яриад байгаа холбоосоор оролцъё гэвэл яах уу?

Үгүй яахав, жишээлбэл ийм, Монголчууд бол 13-р зуунд бол Торгоны зам, Ази-Европыг холбоод хуурай зам үнэхээр дэлхийн даяарчлалын давалгаа байсан. Дараа нь Английн их гүрэн гарч ирээд хурдан буу, далайн тээвэр гараад дэлхийг далайн орнууд ноёлчихлоо шүү дээ. Тэгэхлээр өнөөдөр Хятадууд яагаад Нэг зам-Нэг бүс гээд байгаа юм бэ гэвэл буцаагаад энэ хуурай газарт дахин холбоосыг эзэмшихийг хүсч байна.

Яагаад холбоос их үнэтэй вэ? гэхээр, хоёрхон жишээ хэлье л дээ. Хүн болгон мэднэ Uber гээд таксины компани байдаг. Дэлхийн хамгийн том таксины компани, хэдэн тэрбум долларын хөрөнгөтэй. Гэтэл өөртөө нэг такси ч байхгүй. Тэгэхлээр энэ такситай хүмүүсийг холбосон тэр компанийн баялаг нь юу юм гэхээр тэр холбоосыг өмчилж байгаа юм.

Airbnb гээд зочид буудлын компани, сүүлийн 10 жилийн дотор дэлхийн хамгийн том зочид буудлын компани. Тэгсэн мөртлөө дахиад өөртөө нэг буудал, нэг өрөө байхгүй. 200, 300 жил болсон зочид буудлын Hilton, Sheraton гээд том сүлжээнүүдээс том. Яагаад гэвэл дахиад л холбоосыг өмчилж байгаа юм.

Яг түүнтэй адилхан, Англи бол далайн тээвэр, холбоосыг өмчилж байсан. Одоо Хятадууд бас үүнийг ярьж байна шүү дээ. Тэгэхлээр Монголчууд юу юм бэ? Өнөөдөр Монголчуудын хөгжлийн, дэлхийн худалдаа, эдийн засагт оролцсон ноён оргил нь бол Хархорум хот шүү дээ. Тэгэхлээр Монголчууд Торгоны замын

Тэр үеийн түүхэнд байдаг гэж сүүлийн үеийн толь бичигт. Хархорум бол Торгоны замын хамгийн жижигхэн боловч хамгийн чухал цэг гэж.

Өөрөөр хэлбэл Хархорумд аюулгүй байдал, дипломат, худалдаа, мөнгө төгрөг бүх юм шийдэгддэг байсан. Тэгэхлээр хэрвээ дэлхий тэр аяараа Торгоны зам юм бол өнөөдөр Монголчууд бид нар дахиад Хархорум болох хэрэгтэй шүү дээ. Аа, үүнийг бол Монголын зуун мянган компани хамтарч хийх хэрэгтэй, засгийн газар нь оролцох хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл Монголчууд бол дахиад дэлхийн түүхэнд хуучин Хархорум ямар байсан шигээ тоглогч болж болох байхгүй юу.

Аа, яагаад болох ёстой гэвэл, зөвхөн ийм замаар бид нар хүчирхэг болж чадна, зөвхөн ийм замаар бид нар үнэхээр орчин үеийн соёлтой орон болж чадна.

Өөрөөр хэлбэл бид нар орчин үеийн өгдөг, авдаг тоглоомонд орно. Мэдлэг, мэдээллээ солилцоно, хүнтэй харьцна. Тэгэхлээр өнөөдөр жижиг орон жижигдэхгүй, том нь биш хурдан нь хождог цаг байхгүй юу. Тийм учраас Монголчуудын хувьд шаанстай, тэгэхлээр Асуулт бол дахиад л бүх юм юу руу явж байна гэвэл бид нар үүнийг хүсэх үү? гэдэг нэгдүгээр асуулт. Хоёрдугаарт, бүгдээрээ нийлээд явах уу? бид нар нэг зүйлийг, бид нарыг нэгтгэдэг юм байна уу? Хэрвээ бид том зорилго байхгүй, том хүсэл мөрөөдөл байхгүй, ирээдүйгээ харахгүй бол яах уу? одоо байгаа юмаа л булаацалдаад дуусна шүү дээ. Яагаад гэвэл өмнө байгаа л юмаа булаацалддаг.

Гэтэл бид нарын өмнө байгаа юм тэр нүүрс биш, тэрнээс чинь магадгүй мянга дахин их юм бид нарт байх боломж байна шүү дээ. Тэгэхлээр бид нарын бүр том юу байж болох байхгүй юу. Бүр чухал. Тэр тусмаа хамгийн сайхан нь бүр их үнэтэй, бүр гэгээлэг, бүр их хүмүүсийг боловсролтой болгодог, бүр хүмүүсийг ажилсаг болгодог, бүр шинжлэх ухаан хөгжүүлдэг, Монголын залуучуудыг татдаг, тийм байж болно шүү дээ.

Тэгэхлээр одоо асуулт бол Бид нар нэг зог тусаад харах хэрэгтэй. Бид нар одоо зог тусаад бид нар юу хүсч байгаа? Бид нар хаанаас ирсэн? Бид нарт ямар давуу тал байгаа вэ? гэдгээ харах хэрэгтэй.

Тэмдэглэн тодруулсан. Монголжин

Mongoljin
mongoljinworld@gmail.com

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн