Монгол Ертөнц уншиж байна

МонГал товчоон Зочин дугаар 01

Эхлээд бид нийгмээ хөгжүүлээд, тэр хүмүүст энд үлдэж сайхан амьдралтай байх тэр бүх нөхцлийг энд бүрдүүлэх хэрэгтэй байна гэж боддог.

Эдийн засгийн шалтгааныг арилгаж болдог. Заавал өндөр цалинтай ажил олохын тулд явах биш, харин Монголд үлдэх дэлхийн жишигт нийцсэн цалин авах боломжийг өөрөө би нэг хүн ч гэсэн тэр боломжийг нээж өгч болдог юм болов уу гэж боддог. Тэр тусмаа ухаантай хүмүүс зүгээр орхиод явах юм бол үлдсэн асуудлыг шийдэхэд хэн ч үлдэхгүй.

Зүгээр гонгиноод, юу ч хийхгүй суух юм бол бид гонгинуур байхаас өөр юу ч хийхгүй. Харин энийг шийдэхийн тулд ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй.

Амиа бодож хувийн эд зүйл шиг хандаж болохгүй. Заримдаа өөрийнх нь хүсэл сонирхлыг бусад сонирхлоос жаахан доогуур тавьж бусдын ашгийг бодож амьдрах ёстой. Яагаад гэвэл бид олон хүнтэй нийгэмд амьдардаг.

Утаа бол бид нарын буюу энэ нийгмийн алдаа нүгэлээс болоод ирсэн зүйл. Тухайлбал авилгын илрэл, авилгаас болоод газрын наймаа хийгээд хотын төлөвлөлт бүх юм байхгүй болсон. Тийм учраас одоо жинхэнэ нүгэлээ наминчлах цаг нь болсон. 1-рт шийдэх асуудал бол энэ авилгын асуудал.

Хуулийн хэрэгжилт маш сул. Давуу эрх мэдлийг ашиглаад, төрийн сангаас мөнгө аваад идээд ингэж буй бол улс орноосоо урвасан гэж хэлнэ.

Хүн төрөлхтөн өөрийнхөө тархины чадамжийн бага хувийг ч бид нар ашигладаггүй. Ажиллуулж чадах юм бол маш агуу ихийг бүтээж чадна. Тэр тусмаа Монголчууд. Монголчуудын оюуны чадамж бол дунджаас дээш бараг дэлхийн тэргүүнд ч орно. Мэдээж үүнийг сааруулдаг олон зүйл байна. Агаарын бохирдол бид нарын ухааныг сааруулдаг нэг хүчин зүйл. Архидалт. Өндөр боловсролтой хүн архи уугаад л тэгээд мулгуу хүн болно тэ. Тийм учраас магадгүй өөрсдийнх сул тал бид нарын хөгжлийн хурдыг сааруулж байгаа нь энэ тун харамсалтай.

Монгол үндэсний гарал үүсэл тэр түүхийг судлах юм бол өөрт нь хэрэгтэй эерэг зан чанаруудыг сурч болдог. Намайг үргэлж гайхуулдаг зүйл бол олон зуун жил дайн дажинтай тэр түүхтэй улс орон, хүн цөөхөнтэй Монгол улс, Монгол үндэстэн яаж энэ тусгаар тогтнолыг хадгалж чадсаныг үнэхээр гайхдаг. Яагаад гэвэл хоёр том гүрний голд нь байгаа, мэдээж хэрэг цаг уур хүнд хэцүү. Тийм учраас Монголчууд ер нь их тэсвэртэй, хувирах чадвартай. Монголчуудын бүрэн ашиглаагүй нэг чадвар, одоо манай орчин нийгэмд маш их хэрэг болж байгаа чадвар бол Оюуны чадвар. Монголчууд хэл сурахад гарамгай, боловсрол тал дээр, оюуны тал дээр маш мундаг. Маш олон жишээнүүд байдаг.

Монголчууд залхуу биш. Харин тэр оюуны чадварыг нийгмийн төлөө ашиглаж, харин ч магадгүй хувиа хичээсэн бодол үзэл хэтэрхий их тэр тал руу ороод хувиа хичээсэн бодол жаахан давамгайлсан байна. Нийгмийн хөгжлийн төлөө бодох хэрэгтэй.

Ажил амархан сольдог. Нэг ажилд удаан ажилладаггүй нь олон шалтгаантай байж болно. Харин зүгээр л туйлбаргүй, урсгалаараа явдаг, дураараа байдаг, ойрхон ойрхон ажлууд солиод явбал хэзээ ч мэргэшихгүй, хэзээ ч нэг юман дээр анхаарал төвлөрөөд, төвлөрүүлээд яг бүрэн мэргэшсэн чадвартай болох боломжгүй.

Эх орондоо хайртай, эх оронч үзэл бол маш сайн хэрэг, маш сайн зүйл. Монголчууд цөөхөн. Өшөө олон ойрын болон холын ирээдүйд хадгалан авч үлдэхийн тулд энэ өв соёлыг хадгалан явах ёстой гэсэн тэр ойлголтыг би 100 хувь дэмжиж байна. Гэхдээ ямар аргаар тэрийг хамгаалах уу?

Хэт үндсэрхэг үзлээс болгоомжлох хэрэгтэй. Өөрсдийгөө бусдаас илүү, өөрсдийгөө бусадтай харьцуулах харьцуулалт бол бидний оюун ухааныг хохироодог гэж би боддог. Өөрсдийнхөө алдааг ч гэсэн үргэлж зөв гэж дөвийлгөөд, зөвтгөөд байх юм бол бас сайн биш. Монголын бүх хөрш энэ бүсийн бүх улс үндэстнээс сурч аваад өөрсдийн амьдралд хэрэгжүүлж болохоор маш сайн давуу талууд байгаа. Тийм учраас бусдыг үзэн ядаад ч юмуу дорд үзээд бүх юман дээр буруутгаж бүх юман дээр ер нь өс санаж, хэдэн зуу зуун жилийн өмнө болсон тэр түүхэнд бичигдсэн үйл явдлаас болоод өнөөдрийг хүртэл өс санах бол надад маш утгагүй санагддаг.

Жинхэнэ эх оронч үзэлтэй хүн байх юм бол 1-рт бол өөрийгөө л хөгжүүлнэ.

Бэлэнчлэх сэтгэл бол бас нийгмийг сааруулж байгаа бас нэг том шалтгаан.

Миний ээж бол надад амьдралыг бэлэглэсэн, миний амьдралын хамгийн чухал хүн гэж үздэг. Миний төлөө ямар их санаа тавьж, сэтгэл шаналж, зовж явсан хүн. Маш их хичээл зүтгэл гаргасан тэгээд түүнд баярлаж, надад өгсөн тэр ачийг хариулж явахгүй л бол болохгүй гэж боддог. Яаж тэр ачийг хариулах вэ? гэвэл хэрвээ би өөрөө зөв эр хүн болж амьдрах юм бол, хэрэв би өөрийнхөө гэр бүл үр хүүхдүүдэд зөв хандаж, хайрлах юм болвол ээжийнхээ ачийг хариулж болно гэж боддог.

Буян үйлдэх бол хоёр туулай нэг сумаар буудаж буйтай адилхан. Тусалж байгаа хүнд нь тустай, өөртөө нь бас тустай. Өөрсдийн хүүхдүүдэд яаж ханддаг тэр хандлагаараа бусдын хүүхдэд бусдад бага ч гэсэн тийм хандлагаар хандмаар байна.

Хүнлэг чанар хүн болгонд байдаг гэж боддог. Даанч заримдаа өөрсдийнх шуналаар тэр хүнлэг чанар жаахан дарагдаад тэгээд бид нар амиа бодсон аминч хүмүүс болдог.

Миний өөрийн суурь хүмүүжил, манай гэр бүлийн уламжлал, сүсэг бишрэл бол Христийн сургааль. Үүний нэг алтан дүрэм бол:
Өөртөө хандаасай гэж хүсдэг тэр хандлагаар яг ижилхэн бусдад ханд.

Нийгмийн маш олон асуудлуудыг тунгааж бодоод сэтгэл өвдөөд ядуурал хог хаягдал агаарын бохирдлын асуудал дээрээс нь архидалт гэр бүлийн хүчирхийлэл

Цагаан сар бол бид нарыг хайрлаж, халамжилж, сургаж, хүмүүжүүлж байсан ахмадуудыг хүндэтгэж, өргөмжилж, тэдэнд талархлаа илэрхийлэх гол зорилготой, зориулалттай тийм баяр учраас бусад баяруудаас онцлогтой, онцгой гэж үздэг. Ахмадуудаа ингэж хүндэтгэж, золгож байгааг би зөвхөн Монголоос олж харсан болохоор соёлын энэ талаас надад үнэхээр их таалагддаг.

Үйлийн үрд итгэдэг.

Mongoljin
mongoljinworld@gmail.com

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн