Монгол Ертөнц уншиж байна

Нэг сэтгэлтэй яваарай

Эзэн Чингис хааны билэг сургаалиуд:

  1. Нэг сэтгэлтэй яваарай. Улсаа авръя гэвэл үндсээ авраарай. Үндсээ авръя гэвэл сэтгэлийг нь авраарай. Сэтгэл гэдэг биеийн эзэн бөгөөтөл сэтгэл мунхарвал бие даруй хэвтэнэ шүү.
  2. Аливаа хүмүүний биеийг эзлэх гэж бүү яар. Сэтгэлийг нь эзлэхийг яарагтун. Сэтгэлийг нь эзлэвээс бие нь хаа одох билээ.
  3. Бие бөх бөгөөс ганцыг ялюу.
    Сэтгэл бөх бөгөөс олныг ялюу
  4. Олон аймгийн хүмүүс юу бодож хүсч байгааг олж мэдэхийг хичээгтүн. Юу хүсч байгааг нь мэдэхгүйгээр тэднийг дагуулан тэргүүлнэ гэж үгүй.
  5. Хаан гэдэг бол ерийн зэрэг хэргэмтэй адилгүй. Энгийн нэг хэлж хэлэгдэж яахин болмой. Үнэндээ хаан хэмээн өргөмжлөгдөөгүй атал аяндаа олны сэтгэл түүнийг хаан мэт үзэж байвал сая тэр хүмүүн хаан мөн. Ийнхүү хаан бус атал хааны явдлаар явбаас амттай бус уу. Хэрвээ хаан болчихоод хааны явдлаар явж эс чадвал хаан болж юу хиймой. Шившиг.
  6. Хаан хүн харц хүний авир авирлаваас
    Хамаг улсаа алдюу.
    Харц хүн хаан хүний авир авирлаваас
    Хар толгойгоо барьюү.
  7. Ургахуйгаас шингэхүй хүртэл
    Улс иргэнийг хурааж яв.
    Эн олон бус элэгтний
    Элгийг нэгтгэв за би.
    Тун бус толгойтын
    Толгойг нэгтгэв за би.
  8. Миний баясах нь дэлхий дахинд нэгэн гэр бүл мэт болж төв түвшин, энх амгалан болвоос сая миний баясах хэрэг. Эргэн тойронд ёс бус олон хаад баймой. Тэд эрх дураараа аашлан олон амьтныг зовоож, үргэлж цэрэглэн байлдаж, хүмүүний үхэх нь элс хийсэхтэй адил болжээ. Иймээс би тэднийг номхотгож, дэлхий нийтээрээ энх түвшин болгох бодолтой баймой.
  9. Учир нь нэгэн хүмүүн төрөөд түмэн газрыг энхжүүлэх нь хүмүүн болж төрсөн бүх хүнд тустай хэрэг мөн. Үүнийг чадваас дээд тэнгэрт гавъяа, доорд амьтдад өршөөл.
  10. Эвийн хаан засаг залваас түмэнд өлзийтэй.
  11. Эв найрамдлаас илүү
    Их хүч энэ дэлхий дээр үгүй.
  12. Ханьсан эелдэж явахад
    Хашин бяруу мэт ханилан яв.
    Харьтан дайсан лугаа харвалдахуйд
    Харцага шувуу мэт довтлон яв.
  13. Төр ёсны олсыг цэцдээс асууж сурагтун.
  14. Хорт мууг сайтар засаж
    Хотол улсыг хичээн хамгаалагтун.
  15. Хоёр наран гарваас худгийн ус ширгэюү
    Хоёр хаан сууваас хамаг улс барагдъюу.
  16. Буга гөрөөсийг битгий угт
    Буруулсан дайсны бүү нэх
    Самуун улсыг цэргийн хүчээр тэгшитгэх
    Энх төр дор бичгийн ухаанаар засах.
  17. Чийрэг эзэн чадвартай улсыг байгуулах эрдэнэ
    Чанга цааз чанартай цэрэг чигч жонон чадмагжанжин чанадсыг дийлэх үндэс.
  18. Хоосон хуудам дүрэм ёс хэтэрснээс ард иргэд нь эзэн лүгээ нэвтэрч чадах үгүй болж зальхай сайд нар завсарт нь завшиж ,төр улсыг бусниулна. Миний сонссоноор хуучин хүчирхэг Сүн улс үүнээс болж мөхөөд хой Ляо хүчирхийлэхэд хүргэжээ.
  19. Эмээл ихэдвээс тохсон моринд зовлон болмой
    Янз ихэдвэл эл улсын дотор зүдүүр болмой
    Иймээс хоосон сүр илүү янз маяг ёслолын хэрэггүй
    Хэтэрхий их ёслол жирийн ард олонд омог дээрэнгүйг төрүүлэх гэмтэй
    Дээл гоёл ихэдвэл өмссөн хүний биед нь ачаа болохын адил.
  20. Улсын эзэн нь зөөлөн намуунд автаж, жаргал цэнгэлд шунаж, бичгийн түшмэдийн хоосон хоншоорын чимэглэх үгэнд хууртан сууваас өтөл нэгэн мунхаг хүмүүн болмой.
  21. Өчигдөр их сууринд суумагч өнөөдөр улсын хэргийг орхиж, биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш, эцэс хойтдоо бол үр ач залгамжлагч нарт муу суртлыг үлдээх гэмтэй.
  22. Зүтгэл тэмцлийг үнэлж мэдэхгүй харанхуй эзний өмнө бөхийж юу хиймой
    Зөвийг дагаж үнэнийг дэмжин төр улсыг засахын төлөө тэмцэгчийг жинхэнэ сайн эр хэмээмой Харин тийм сайн эр харанхуй эзэнтэй бол хайран болох.
  23. Арга хүчээ их болгоё гэвэл ард цэрэг юүгээ асар
    Уужим сул жаргая гэвэл эв юүгээ ямагт хичээ
    Харийн газар арга чадлаа бэхэлж яв
    Халуун зуураа эв нэгдлээ хичээж яв
  24. Өчүүхнийг басваас өргөс болно.
    Үсийг томвоос дээс болно.
  25. Үлэмж хүчээ өгсөн хүмүүнийг илүү эс хайрлаваас хожим хүчээ өгөгчдөд хясамж болно.
  26. Шадарлан явж хүчээ өгсөн бол сарьсан дээлтэд ч суудал өгч ноён босго.
  27. Газрын доорхи баялгийг гадаадын хүмүүст өгвөл өчиггүй ал.
  28. Сэтгэл муутан уйдах тэд
    Ой муутан чилэх тэд
    Ургууд минь та
    Ойндоо үл уйдан
    Сэтгэлдээ үл чилэн хатуужигтун
  29. Тархи хоосорвол чөмөг нь хоосорно. Тархи чөмөг хоёулаа хоосорвол үхэж мөхнө шүү. Бодох шинжих бодлого ухаанаа нарийвчлаарай.
  30. Аливаа зовлон зүдүүр аюул түгшүүрийг үл хайхран эрэлхэг баатарлаг хатан зориг гаргаж, намайг тойрон бүлгэмдэн нэгдэж баяр зовлонг хамтдаа эдэлж, эрхэм дээд үр бүтээлийг бүрэлдүүлсэн их улсын ард иргэд минь энэ ертөнц дээр буй олон улсын дотор хамгийн аугаа ард түмэн болно.
  31. Энэ дэлхийд хаа ч яварваа үйлс зүтгэснийх нь бүтнэ. Алгуурласных нь алдагдана.
  32. Зуун үйл бүтээвээс үйлийн охь
    Үнэн үгэнд хүрсэн сэтгэлийн бөх
  33. Өндөр уулын хөтөл зорь
    Өргөн далайн олом зорь
    Хол хэмээн бүү цөхөр, явбаас хүрюү
    Хүнд хэмээн бүү цөхөр, өргөвөөс даагдюу.
  34. Давшгүй даваа бий гэнэм
    Хэрхэн давах хэмээн бүү сэтгэ
    Давъя хэмээн сэтгэвэл давагдъюу.
    Гэтлэшгүй мөрөн бий гэнэм
    Хэрхэн гэтлэх хэмээн бүү сэтгэ
    Гэтлье хэмээвээс гэтэлюү.
  35. Үгэнд ижилдвэл цэцэн болох
    Илдэнд ижилдвэл баатар болох
  36. Бие баатар болвоос нэгэн үеийн баатар
    Билэг баатар болвоос түмэн үеийн баатар.
  37. Энэ бие хэврэг боловч эрхэм нэр мөнх шүү.
  38. Саруул ухаанаас илүү нөхөр гэж үгүй
    Мунхаг хэл амнаас илүү дайсан гэж үгүй
    Ариун явдлаас илүү амьд өлзийтэй зүйл гэж үгүй
  39. Нойр гэгч биеийг тэжээгч бөгөөтлөө унтаж хэтэрвэл өвчин болно.
    Жаргал гэгч хүний эрэлт бөгөөтлөө жаргаж хэтэрвэл зовлон ирнэ
  40. Алтны дэргэд аваас шар нь халдмой
    Аргалын бөгөө дэргэд аваас үнэр нь халдмой.
  41. Хэн өөрийн гэрийн аж байдлыг сайн зохиож чадна, тэр харъяат улсаа захирч чадна.
  42. Хатагтай хүнд гурван эр буй
    Анхны эр нь алтан төр
    Дараах эр нь ариун нэр
    Түүний дараах эр нь авсан эр мөн болмой
  43. Алтан төрийг хатуужин дагаваас ариун нэр болмой
    Ариун нэрийг бэхэлвээс авсан эр ангид үл болмой
  44. Алд бие минь амсхийвээс
    Ахуй төр минь алдруузай
    Бүтэн бие минь амсхийвээс
    Бүрэн улс минь сандруузай
    Алд бие минь алжааваас алжаатугай
    Ахуй төр минь бүү алдартугай
    Бүтэн бие минь зовбоос зовтугай
    Бүрэн улс минь бүү сандартугай
    Бие хэврэг билэг мөнх
Mongoljin
mongoljinworld@gmail.com

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн