Монгол Ертөнц уншиж байна

Хайрлаарай!

ХАЙР гэдэг нь авахын нэр биш, ӨГӨХийн нэр байдаг. Тийм болохоор ХАЙРЛАЯ! Зүгээр л хайрлая! Тэгвэл бид аз жаргалтай амьдарна.

Эрдэнэзуу хийдийн хамба лам Х. Баасансүрэн

Сэтгүүлч: Хүн болж энэ хорвоод мэндлэх энэ хувь заяа яг мөн чанартаа юунд зориулагдсан байдаг юм бол?

Даалгавар бол хэр их хайр түгээх вэ гэж байгаа юм. Хайр түгээчихээд ир. Өгөгдөл нь тэр. Бусдыг хайрлах. Бусдыг хайрлана гэдэг маань буцаад өөрөө аз жаргалтай болж байгаа юм. Бусдыг хайрлаж байна гэдэг чинь аз жаргал байж байж хайрлаж байгаа хэрэг.

Нэг багш/гэгээнтэн хэлсэн байдаг. Хайранд гурван түвшин байдаг юм аа гэж.

Нэгдүгээрт нь, бие махбодын түвшинд буюу адгууслаг хайр

Хоёрт нь, зүрх сэтгэлийн хайр буюу хүмүүнлэг хайр

Гуравт, сүнсний түвшинд буюу бурханлаг хайр

Бурханлаг хайранд ямар нэгэн хил зааг байхгүй. Бүх юмыг, оршихыг тэр чигт нь багтааж хайрладаг. Бүгдээрэнг нь оруулж, агуулж хайрладаг. Ямар нэг юмыг тухайлан онцгойлохгүй. Нэг юмыг онцолно гэдэг маань цаад утгаараа нөгөө зүйлсийг онцлохгүй байна гэсэн утга явж байдаг. Бурханлаг хайр руу ороод ирэхээр бүх хүмүүс бурханлаг харагдана. Бүх хүн бурхан юм шиг харагдаад, бүх оршихуй тэр чигтээ бурхны орон юм шиг болно гэж байгаа юм.

Сэтгүүлч: Бүгд ийм сэтгэлээр хайрладаг бол амар амгалангүй байх шалтгаан гэж энэ ертөнцөд байхгүй байсан байх аа?

Хайрыг энэдээ голлоод авчих юм бол нөгөө нэг үзэн ядалт, гомдол харуусал, уур уцаар чинь жийгдээд алга болоод байна шүү дээ. Орох боломжгүй болчихож байгаа юм. Зай байхгүй. Зүрх нь нэгэнт эзэнтэй болчихсон байна.

(Зүгээр л хайрлаарай хүмүүсээ. Хайр зөөлөн болгодог юм.)

Дотроосоо хайранд автсан хүний царай нь цаанаасаа туяараад, нэг л сайхан бурханлаг болчихдог шүү дээ. Аа, уур бухимдалд автсан хүн бол царай нүд нь галзуу хүн шиг болоод л, царайн дээр нь олон булчин зангираад л, аа бас нэг чөтгөрлөг болчихдог шүү дээ. Тэгэхээр бурхан, чөтгөр хоёр хоёулаа хүний дотор байгаа нь тодорхой байгаа юм.

Сэтгүүлч: Хүнд бас хайрлаж сурах гэж юм байгаад байх шиг. Зөв үү?

Маш их буруу зуршлуудаар, буруу сэтгэл хөдлөлүүдээр булчихсан байгаа байхгүй юу. Хайрладгаа мартчихсан байхгүй юу нэг ёсондоо. Тэрнийг нээж илрүүлэх. Зарим хүмүүсийнх нимгэн байж болно л доо, заримынх нь бүр даршчихсан булчихсан байгаа. Тэр булсан булаасуудыг улам авч хаяад, гомдол харууслууд бүгдээрэнг нь авч хаяад, ингэсээр байгаад тэр хайрладаг чанар дотроос тань гэрэлтэж гарч ирэх боломжтой. Энэ нь хүн бүхний угт гэгээрэхийн үндэс байдаг. Хүн болгонд хайр байдаг гэдэг чинь тэрийг хэлж байгаа юм.

Сэтгүүлч: Зарим хүмүүс төрөлхөөсөө л нэг өрөвч зөөлөн, энэрэнгүй өр зөөлөн байдаг, зарим нь бас харьцангуй догшин ч юмуу тийм байдаг.

Бүх хүн адилхан түвшнээс эхэлдэггүй. Энэ нь нэг ёсондоо урд төрөл байдаг гэдгийн баталгаа.

Сэтгүүлч: Их нарийн түвшинд дамжсан өгөгдөл үү?

Их нарийн түвшинд өгөгдсөн, олон төрлийн турш дамжсан өгөгдөл.

Сэтгүүлч: Өглөө босоод нарыг хараад баярладаг гэж таны ярилцлагыг уншиж байсан юм.

Нар байхгүй бол би байхгүй. Би байхгүй бол бас нар байхгүй. Нар бол өөрөө бидний амьдрал байхгүй юу. Зөвхөн нар ч биш, уул ус, байгаль, үүлс, цэнхэр тэнгэр, огторгуй. Ус ч гэсэн чинийх, гол ч гэсэн чинийх, бүгд чинийх.

Нар сар бүх л оршихуйг тэр чигт нь хүндэлж хайрлах хэрэгтэй. Бүх юм надтай хамаатай. Нэг ёсондоо миний бие дотор гол урсаад, салхи сэвшээд, миний биеэн дотор газар оршиж байгаа байхгүй юу. Бүх юм шүтэн барилдлагатай гэдгийн утга учир энэ шүү дээ.

Сэтгүүлч: Та бол тусын тулд гэдэг замыг сонгосон байна, тэгсэн мөртлөө яг л хүмүүсийн ахуй дунд, нийгэм, амьдрал дунд яваад л байна. Нөгөө л нэг нүгэл хилэнц, уур хилэн дунд яваад байна. Үүнээс ангид байхын тулд хамгийн түрүүнд юу хийдэг вэ?

Бусдыг шүүх дургүй. Бид нар ерөөсөө нэг шүүгч, бусад бүх хүн ялтан. Бид нар дандаа бусдыг анзаараад байгаа байхгүй юу. Бусад хүмүүсийг бүгдээрэнг нь шүүгээд л, дүгнээд л, дандаа ингэж байдаг энэ байдлаасаа татгалзах хэрэгтэй. Тэгээд бусдаар өөрөө хэн юм бэ гэдгээ, өөрийгөө бусдаар дүгнүүлээд байдаг. Хэн дуртай нь чамайг уурлуулаад, бухимдуулаад, нойргүй хонуулж чадаж байгаа байхгүй юу. Тэгвэл чи өөрөө яг хэн юм бэ? Бусдын аясаар бөмбөрч байгаа нөхөр болж байгаа биз дээ?

Сэтгүүлч: Өөрөөсөө өөр юмнаас хамааралтай байгаад байна гэсэн үг үү?

Хамааралтай. Өөрөө өөрөөрөө байж чадахгүй заавал нэг юмаар сатаараад байгаа байхгүй юу.

Сэтгүүлч: Энэ амьдрал чинь өөрөө бусад юмнаас хамааралгүй байх боломж бололцоог яг үнэндээ өгөхгүй байна шүү дээ.

Нэг ёсондоо бид нар хамааралтайд 100 хувь шахуу байгаад байхгүй юу. Тэр хамаарлыг багасга л даа. Нэг өдөр чиний зүрхэнд уйтгар гуниг ирээд явна, дахиад нэг өдөр аз жаргал унтаад буцна. Та бол гэрийн эзэн байх, бусад хүмүүс, ирж байгаа сэтгэгдлүүд нь зочид байх тийм хэмжээнд очиж байж л бид нөгөө нэг айдас, нөгөө нэг уур бухимдал, шунал, атаархал, ганцаардлыг ялан дийлж, даван туулж өөрөө өөртөө эзэн болж сурна шүү дээ.

Өөрийгөө ажиглах тутам өөрийнхөө тэнэгийг улам гайхдаг. Би тэгдэг юм байна, би ийм зүйлс дээр уурладаг юм байна, надад буруу байсан юм байна… Улам чиний тэнэг нь нэмэгдээд байдаг. Улам чиний болохгүй асуудлууд гарч ирээд байдаг. Нэг ёсондоо тэнэг дуусаад ухаантай, дараагаар нь бүр ухаантай, тэрнээс илүү ухаантай, тэгээд гэгээрэл гэдэг хувилбар байдаггүй байхгүй юу. Бүх тэнэг дуусах л юм бол гэгээрэл болно.

Сэтгүүлч: Хүмүүсийн амьдрал янз бүр л байна л даа. Гэхдээ хаана, ямар амьдарч байгаагаасаа хамаарахгүйгээр байгаа бүх зүйлдээ талархаж амьдарвал аз жаргалтай байна аа гэсэн санааг олж уншиж байсан.

Бидний зовлонгийн 90, 95 хувь нь бодол байгаа байхгүй юу. (Бодлоо цаасан дээр бичээд үзээрэй. 5 минут байхад л болно доо. Тэгээд дараагаар нь уншаад үзэх юм бол ямар ч утга учиргүй, галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг. Таны дотор тийм их юм явж байгаа байхгүй юу.)

Жаахан хүүхэд яагаад аз жаргалтай байдаг юм бэ гэхээр их бодол байхгүй учраас аз жаргалтай байгаа юм. Бид өөрт байгаа зүйлсээ олж харж чаддаггүй, байхгүй зүйлс рүүгээ л байнга тэмүүлээд надад тийм юм, ийм юм байхгүй гээд байдаг… Тэгтэл чамд зөндөө юм байгаа байхгүй юу.

Зүгээр шувуу жиргэж байгаа нь ч юмуу, гол урсаж байгаа нь ч юмуу, зүгээр оршихуйн энгийн бүх л зүйлсээс аз жаргалыг олж харж чаддаг тийм болж байж л хүн аз жаргалтай болно. Би бол тийм зүйлсийг л харахыг хичээдэг.

Аз жаргал ирээдүйд биш яг одоо цагт л болдог. Чи одоо аз жаргалтай байж байж дараагийн мөчид, агшинд аз жаргалтай байх боломжтой. Яагаад гэвэл дараагийн мөч гэдэг чинь одоогийн үргэлжлэл байхгүй юу.

Сэтгүүлч: Зовлон гэдэг чинь их олон юмнаас үүсээд, өөрөө өөртөө улам зовлон бий болгоод байгаа юмнууд бас их бий.

Бид нар ерөөсөө аягүй зовлонд дуртай байхгүй юу. Тэгээд заавал нэг зовохоор юм бодоод олчихсон, заавал нэг санаа нь зовчихсон, зовлонд эргэлдээд байгаа байхгүй юу.

Сэтгүүлч: Би өөрөө сайхан аз жаргалтай байвал, тантай хамт зогсож байхад танд ч гэсэн бас сайхан сэтгэгдэл төрнө, цаана чинь байгаа хүнд ч сайхан сэтгэгдэл төрнө.

Аз жаргал түгдэг. Нэг хувь хүн өөрчлөгдөхөд, дагаад эргэн тойрных нь хүмүүс өөрчлөгдөх магадлалтай. Тэр хүн чинь дахиад эргэн тойрныхоо хүмүүсийг өөрчлөх магадлалтай. Тэгэж байж л юм өөрчлөгдөнө.

Сэтгүүлч: Аз жаргал гэдэг юмыг хүссэн зүйлээ л хүртэж байх, мэдэрч байх, эзэмдэж байх гэж ойлгоод, хандаад байх шиг.

Хүмүүс их өнгө мөнгөнд хууртагдахад амархан. Реклам сурталчилгаа гэхэд шуналыг нь яаж хөдөлгөх үү гэдэг л гол зорилго шүү дээ. Багаасаа тийм сэтгэхүйгээр ингээд өсчихсөн хүүхдүүд чинь тийм өсөхөөс биш яах юм бэ? Гоё юм байна гэсэн хандлагыг нийтэд нь ингээд өгөөд байна шүү дээ.

Сэтгүүлч: Байгаа хэмжээндээ би өнөөдөр ямар хэмжээний материаллаг орчин, ахуйг бий болгож чадаж байна тэрэндээ ханаж амьдрах ёстой юм шиг байгаа юм. Тэрнээсээ илүү юм хүсээд ирэхээрээ л хүний сэтгэл их эвдэрдэг юм шиг байгаа юм.

Чиний аз жаргалгүй байдал чинь чиний аз жаргалын талаархи буруу ойлголтоос үүдэлтэй. Ингэвэл аз жаргалтай байна даа гэсэн энэ бүгд чинь чамайг зовлонд аваачаад, энэ бүгд чинь зохиомол БИ-г бий болгоод байдаг. Зохиомол сэтгэл хөдлөлийг бий болгоод байдаг.

Аз жаргал маш өчүүхэн зүйл дээр бий болдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Энгийн зүйлсээс. Бид нарын шуналын бараг 80 хувь нь нүдээр дамждаг. Бүх юм гоё сайхан шүү дээ угаасаа. Зүгээр бид нар гоё сайхан гэж хэмжүүр тавьчихаад нөгөө хэсгийг нь муухай болгоод байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Бие махбодь ЧИ биш байхгүй юу. Бие махбодио битгий өөртэйгөө адилтга. Бие бол мэдрэх л үүрэгтэй, тарган байна уу туранхай байна уу ямар ч хамаа байхгүй. Тэгтэл бид нар зориулалтын бус маягаар ашиглаад, бие хаатайгаа өөрсдийгөө адилтгаад хэтэрхий өнгө хөөцөлдсөн ийм сэтгэлзүйг өөрчилмөөр байгаа юм.

Шинжлэх ухаан юуны тухай ярьдаг юм? гар утас ч гэдэг юмуу, техник технологи ч гэдэг юмуу, машин тэрэг гэдэг ч юмуу дандаа намайг аз жаргалтай, тав тухтай байлгахад бүх юм чиглэсэн байна. Игондоо чиглэсэн. Тэгээд үнэхээр аз жаргал чинь болчихсон юмуу гэхээр худлаа л байгаа биз дээ.

Туйлширч болохгүй. Хослуулах хэрэгтэй.

Сэтгүүлч: Непал гэдэг улс ядуу улс мөртлөө аз жаргалын индексээрээ дэлхийд дөрөвт ордог гэнэ. Тэгэхлээр баян ядуугаас хамаарахгүй хүн амар амгалан, тайван жаргалтай байж болоод байх шиг. Тэр ухааралтай сэтгэлтэй холбоотой юу.

Сэтгэлтэй холбоотой. 100 хувь материаллагийг дэвжээд юмуу 100 хувь материаллагийг үгүйсгэж болохгүй.

Хүний зайлшгүй хэрэгцээ бол унтчихаар дулаан газар, өдөрт өлсчихөөргүй 3 аяга хоол, даарчихааргүй хувцас байдаг. Хувцас чинь дааруулахгүй зориулалттай байтал одоо гоёж гангалах, гайхуулах зориулалттай болчихлоо шүү дээ.

100 жил амьдрахгүй байж, 1000 жилийн хөрөнгө цуглуулах гээд зовоод байгаа байхгүй юу. Хурааж цуглуулахын нэг зовлон, хумхиж хамгаалахын нөгөө зовлон, алдаж харуусахын адаг зовлон, ахуйд төөлөгдөхийн мянган зовлон гэж буй.

Бид нар эд материаллаг зүйлсээр өөрийгөө, юмсыг хэмжээд унах л юм бол дахиад л зовлон нэмэгдэнэ.

Сэтгүүлч: Хэмжээ хязгааргүй хөрөнгөтэй байлаа гээд хүний хүсэл шунал зогсдоггүй юм шиг байгаа юм.

(Баян болъё гэвэл ерөөсөө л шуналгүй болж байж баян болох боломжтой.) Шунал байгаа цагт чи хэзээ ч ядуу хэвээрээ л байна. Чи илүү юмыг хүсч байгаа бол чамд тийм их юм хэрэгтэй байгаа байхгүй юу, тэр хэмжээгээр чи ядуу байгаа байхгүй юу.

Харин чиний сэтгэл тэгтлээ их тэр зүйлийг хүсэхгүй, байгаа юмандаа хангалуун байж чадаж байгаа бол чи баян байгаа байхгүй юу. Асуудал нь тэр дотор байгаа шуналын сэдэл, тэр нь аль хэр байна гэдгээс хамаарч байна шүү дээ. Хаашдаа чи аваад явахгүй шүү дээ.

Хурмастын энэтэй баялаг байвч хумсын чинээг ч аваад явахгүй.
Үлгэрийн дайтай алдар байвч үхсэн хойноо сонсоод хэвтэхгүй гэж.

Сэтгүүлч: Үг их олон яригдаад ирэхээрээ ил дол болох гээд, цаад гүн агуулга нь хаягдах гээд байгаа юм шиг санагддаг.

Эхлээд сонсох хэрэгтэй. Төдий чинээ сонссон хэмжээгээр төдий чинээ хэрэгжүүлэх, ойлгох, ухаарах хүмүүсийн тоо ч бас өсөх магадлалтай.

Үг төдийд бид маш өнгөцхөн ханддаг, зөвхөн үгээр ойлгодог, нөгөө талаар бусдад гайхуулах хэрэгсэл болгочихдог.

Зүрх сэтгэлээр нь хэмждэг. Тархиар нь биш.

Сэтгүүлч: Нөгөө талдаа үг сөрөг болоод ирэхээрээ бас их хүчтэй юм аа.

Хүмүүс хэтэрхий сөрөг дээр төвлөрдгөөс үүдэлтэй. Чи юуг анхаарна уу, чи тэрэнтэйгээ ижилсэж байдаг, тэрэндээ итгэж байдаг, тэрэнтэйгээ адилхан болж байдаг.

Сэтгүүлч: Сайныг ирж хайж амьдрах ёстой биш үү?

Чи юу эрж хайж байна уу? Чамд юу чухал байна уу? тэрнийгээ л чи анхаарах ёстой байхгүй юу.

Чи дандаа эерэгийг хайгаад, зөв зүйтэйг эрэлхийлж байгаа бол за би чинь зөв болох гэж байна, аз жаргал хайж байгаа юм байна шүү, хайр хайж байгаа юм байна шүү гэдэг чинь тэрүүгээр л илэрнэ шүү дээ.

Чи сөргийг анхаараад л байх юм бол чи өөрөө сөргийнхөө нэг хэсэг болчихдог. Тийм болохоор эерэг дээр төвлөр, зөв зүйтэй дээр төвлөр, сайн сайхан дээр төвлөр, хайран дээр төвлөр.

Сэтгүүлч: Хүн ер нь бүх зүйлдээ талархаж байх ёстой юм шиг. Ажилтай байгаадаа, тэгээд тэрэндээ дурлаж, тэрэндээ талархаж, тэрний үр шимээр амьдарч байгаа гэдэг сэтгэлээр хандаж байх ёстой юм шиг. Ингэж хараад ирэх юм бол бид нарын зорилго бүгдээрээ нэг зүгт хараад, биелээд ирэх л байх л даа.

Хаана ч байсан хайрыг тээж явах, хаана ч байсан аз жаргалыг дандаа авч явах.

Ажил дээрээ бид хүнд юм хийж өгч байгаа юм шиг хандаад байгаа байхгүй юу. Хичээлтгүй хичээлт нь хамгийн дээд хичээлт.

Чи аливааг чин сэтгэлээсээ хийгээд, хайрлаад дуртай хийхээр тэр зүйл чинь чамд гоё юм шиг санагдаад, тэр зүйл чинь хайраа өгөөд байгаа юм шиг санагдаад байгаа. Уг нь эх үүсвэр нь чи өөрөө, чамаас гараад түүнийг бий болгоод байгаа байхгүй юу. Нэг ёсондоо аз жаргал авч, таашаал авч хийж байна шүү дээ. Ийм тохиолдолд тэр бол удаан хугацаанд үргэлжлэх боломжтой болж байгаа юм.

Номонд: “хоол ундыг эм эдлэх ухаанаар шунал, дур, уур, хорсолгүйгээр эдмүй. Ямбалахын тулд биш, омогшихийн тулд биш, цадахын тулд биш, амьдрахын тулд билээ. Хэн ч битгий өлсөөсэй, хэн ч битгий цангаасай, өлссөн бүхэнд нь хоол нь олдож, цангасан бүхэнд нь ундаа нь олдох болтугай.”

Юу бие рүү чинь орж байна, сэтгэл дагаад тийм болно, бие махбодид нөлөөлөх нь ойлгомжтой.

(Өглөө өлөн гарч болохгүй, юм идэх цаг амждаггүй юмаа гэхэд заавал нэг юм ууж бай!)

Сэтгүүлч: Хаяа нэг сүм хийдээр орохоор их сайхан тайвшралыг мэдэрдэг.

Үүнийг бүр их мэдэрдэг болоосой гэж хүсч байгаа. Орчин үед, материаллаг үзэл хөгжсөн энэ үед ихэвчлэн зовсон зүдэрсэн, өвчин зовлонд нэрвэгдсэн, ажил үйлс нь бүтэхгүй ч юмуу, хагацал зовлон тохиолдсон ч юмуу тиймэрхүү үед сүм хийд дээр очих нь элбэг болсон. Хийдээс аз жаргалыг очиж мэдэрдэг, тайвшралыг авдаг тийм газар байгаасай. Хийд нь ч гэсэн тийм зүйлсийг түгээдэг газар байгаасай гэж боддог.

Яаж энэ муу сэтгэл хөдлөлүүдийг гэтлэх үү? гэхээр мэдээж гэтэлчихсэн хүмүүсээс асууж байж ингэдэг юм байна шүү гэж мэдэх шаардлага гарна. Тэд арга замыг нь л зааж өгнө. Тэгээд л чи өөрөө хэрэгжүүлэх ёстой. Гэтэл бид яадаг уу гэхээр тэр замыг нь хэтэрхий судлаад л, цээжлээд, тэрэндээ анхаарлаа өгөөд байдаг. Миний бодлоор бол, Чи өөрөө явж эхлэх ёстой. Тэрнийг чи хэрэгжүүлэхээр чам дээр ямар юм гарч ирж байна вэ гэдэг нь жинхэнэ чиний туршлага, ном байхгүй юу.

Сэтгүүлч: Амьдрал өөрөө харилцаа юм чинь нөгөө харилцаан дээрээс чинь л нөгөө дайсагнал, хорсол бий болоод л … гэтэл тэрийгээ яаж давж гарч, нөгөө дайсандаа хайр дэвсэх юм бэ?

Чи өөрийнхөө эрх ашгийг цаад хүний эрх ашиг дээр зөрчил үүссэнээс хорсол үүсч байна шүү дээ. Ялагдлаас илүү ялалт байхгүй гэж боддог.

Сэтгүүлч: Бэрхшээлийн эсрэг баттай зогс гэдэг, яаж тэгэх вэ?

Хүлээн зөвшөөрч. Юу л тохиолдоно түүнийг хүлээн аваад л бай. Энэ нь хэтэрхий хүлцэнгүй ч юмуу, бууж өгч байгаа юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ үгүй. Энэ чинь яаж байна вэ гэхээр чамайг нойргүй хонохоос, чамайг уурлахаас, бухимдахаас, гунихаас, харамсахаас аварч байгаа хэлбэр. Зовлонгоо хүртэл хайрла. Нүгэл байж буян байсан. Алдаа байж оноо байсан. Tөөрөгдөл байж гэгээрэл байсан.

Сэтгүүлч: Би бол амьдралыг их тодорхой зүйл гэж боддог. Та санал нийлэх үү?

Тодорхой л доо. Амьдрал маш энгийн шүү дээ. Баталгаа байхгүй байгаад байгаа. Баталгаагүй байгаа нь өөрөө амьдлаг байгаа юм. Баталгаатай тийм байдаг байсан бол бас амьдрал утгагүй.

Чиний амьдралд зөндөө зовлон зүдгүүр байсан байж болно. Тэр яасан болоод л өнгөрсөн урсгал. Ирээдүйд дахиад л бас зовлон зүдгүүр ирж магадгүй тэр ч гэсэн болоод л өнгөрнө. Өнгөрсөнд чинь сайн сайхан байсан, тэр яасан бас болоод л өнгөрсөн. Ирээдүйд чинь сайн сайхан байх уу? Байна шүү дээ. Тэр яах уу, бас л болоод өнгөрнө. Тэгэхлээр үүнийг л ойлгох хэрэгтэй байгаа юм. Гэтэл дагаж салаад байгаа юм. Ийшээгээ жаргал, тийшээгээ зовлон гэж савлаад ч юмуу, савласан савлагаа чинь хэр өндөр байх тутам чамд зовлон чинь өндөр байна. Дүүжин шиг савлаад байгаа амьдралд, луужин шиг тогтуун байж сурах нь амьдрах ур чадвар.

Сэтгүүлч: Хүнд сэрэх цаг гэж байдаг уу?

Байна. Миний бодлоор бол зовлон. Яалтгүй бодит байдал юм уу, хэцүү юм тохиолдож байж л, дараагаар нь нээрэн тийм үг байсан шүү гэж бодож ухаарах цаг, боломж гарч байгаа байхгүй юу.

Сэтгүүлч: Бясалгалд өдөрт хэр их хугацаа зарцуулдаг вэ?

Юу л хийж байна түүнийгээ бясалгал болгож хувиргах хэрэгтэй. Хаана ч байсан, өдөрт ямар бодлууд орж ирж байна түүнийгээ таниад л, таниад явангуут бодлууд урсдаг болдог.

Сэтгүүлч: Бясалгалын талаар хүмүүс ойлгохдоо цаг зарцуулаад, цагаан хувцас өмсөөд ч юмуу суух хэрэгтэй гэж. Мөн их хол хүлээж авдаг. Гэтэл энэ нь сэтгэлд их ойрхон зүйл.

Ойрхон, ойрхон. Ойрхон зүйл шүү дээ. Чи юуг ухамсартай хийнэ тэр болгон чинь бясалгал мөн. Ямар бодол орж ирж байна, түүнийгээ таниад ажиглаад л сурчих. Үйлийг чи үнэн хийсэн бол үр дүн гарах нь хэзээд үнэн.

Бид нар үр дүнд хэтэрхий яардаг.

Сэтгүүлч: Газар доор байдгийн шалтгаан юу вэ?

Дуу чимээ багатай. Мөн газар доор дулаахан байдаг байхгүй юу.

Бясалгалд хамгийн саад болдог зүйл бол дуу чимээ.

Сэтгүүлч: Дуу чимээнээс ангид гэсэн гэж энд орж ирсэн мөртлөө, хөгжим сонсоод байдаг нь ямар учиртай юм бэ?

Аялгуу чинь өөрөө хэлбэр дүрсгүй. Харанхуйн бясалгал, аниргүйн бясалгал, гэрлийн бясалгал хэлбэр дүрсгүй. Хэлбэр дүрсгүй юманд ороод хэлбэр дүрснээс халих магадлалтай. Бид нар маш олон хэлбэр дүрсэнд баригдаж байдаг. Харьцуулж байгаа юм чинь дандаа зохиосон хэлбэр дүрс шүү дээ. Талархлын бясалгал, аятай бясалгал хийхээр бол хөгжим тавьдаг.

Одоо хүмүүс заавал ямар нэг юм болж байж талархдаг болчихсон. Тэгэхгүйгээр зүгээр л дотроосоо талархлыг илгээгээд баймаар байгаа байхгүй юу. Тэгэх юм бол маш сайхан. Талархлаа явуулаад л бай, аялгуунд.

Аниргүй байж, бид дуу чимээг сонсож байгаа. Аниргүй нь өөрөө дахиад дуу чимээтэй. Тэр нь байгалийн чимээ. Чимээгүйн чимээ.

Сэтгүүлч: Хотын хэлбэлзэл бол байгалиас өгөгдсөн хэмжээнээс хэд дахин илүү байдаг, тэр нь аяндаа хүнийг ядраагаад стресс гэдэг зүйлийг бий болгоод байдаг гэж судлаач хүний ярьж байхыг сонсож байсан юм.

Дуу чимээгээр бол маш амгалан тайвныг ч бүтээж болно. Эсрэгийг нь ч бүтээж болно.

Хэлбэр дүрсгүй аялгууг сонсохоор жинхэнэ бидний онгон, жинхэнэ унаган төрх тэнд очих ч юм шиг, аялгуунд бүх юм уусах ч юм шиг. Аялгуунд хүний зүрх сэтгэл уусч байдаг.

Чи хэн болохыг хүсч байна, тэр хүн чинь чиний багш байх ёстой.

Сэтгүүлч: Ерөөл байдаг юм гээ биз дээ? Багш шавь барилдана гэдэг.

Байлгүй яахав. Маш том ерөөл.

Түүхийн явцад долоон том эзэнт гүрэн улсууд өөрийнхөө нийслэлийг байгуулж байсан байгаа юм. Дээр үеийн хүмүүс маш ухаантай хүмүүс шүү дээ, хаа хамаагүй газар юм барьчихгүй. Нүүж суухдаа хүртэл газрын шинжийг харна. Жишээлбэл, Эрдэнэзууг мангасын ходоод шинжтэй газар барьсан гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энд бол маш их юм багтана. Маш удаан оршин тогтноно гэж. Салхитай шуургатай үед тэнд нам гүм, ямар ч үер ус болсон тэнд очихгүй наагуур өнгөрдөг. Тэр бүгдийг бодож, тооцож барьсан байж таараа. Яалтгүй нэг утга учиртай газар гэдэг нь мэдэгдээд байгаа.

Сэтгүүлч: Үе үеийн төрийн хэрэг бас төвлөрч байсан.

Дэлхийн нийслэл болох гээд байна шүү дээ бараг.

Сэтгүүлч: Тэгэхлээр энергийн сав газар гээд хэлчихвэл болохгүй юм байхгүй юм шиг.

Болохгүй юм байхгүй.

Сэтгүүлч: Таны бодлоор түүхийн үнэ цэнэ юунд оршдог вэ? Одоо ингээд харж байхад түүх ,түүх гээд л нэг бол бахархаж худлаа мэдэх мэдэхгүй цээжээ дэлдэх эсвэл үгүйсгэх ч юмуу тийм хандлага байгаад байх юм. Гэтэл үнэ цэнэ нь арай өөр зүйлд байдаг болов уу?

Түүх бол үнэхээр гайхалтай шүү дээ. Би энд ирсэн юмаа гэдгээр бахархмаар. Тусгаар тогтносон улсын иргэн байна аа гэдэг ямар үнэ цэнэ байдаг юм бэ тэ, бид өдий зэрэгтэй явж байгаа нь тэр хүмүүсийн гавъяа гэж харвал түүх их үнэ цэнэтэй юм шиг.

Сэтгүүлч: Түүхээс бид нар тэр оноотой зөв байгаа хэсгээ алдалгүй аваад явдаг тийм баймаар юм шиг санагдах юм. Жишээ нь, Өндөр гэгээн Занабазар гэхэд түүхэнд бас л гайхалтай ул мөр үлдээсэн хүн шүү дээ тэ.

Өндөр гэгээн Занабазар Энх-Амгалан хаантай том гэрээ хийсэн байдаг. Нэг өдөр хийсэн захиа олдсон шүү дээ. Энх-Амгалан хаан руу ч, Орос руу ч явуулсан байгаа юм. Тэгээд өндөр гэгээнийг Энх-Амгалан хаан маш олон янзаар туршсан байдаг, тэгээд шавь орсон. Тэгээд тэр хийсэн гэрээ нь маш гайхалтай. Тэрэн дээр маш том дөрвөн заалт байгаа.

1) Хятад хүн Монгол хүнтэй гэр бүл болохыг хориглосон.

2) Монгол хүмүүс өөрийнхөө хэлээр ярина.

3) Монгол нутагт худалдаа наймаа хийхдээ тодорхой хэмжээ хязгаартай хийнэ.

4) Монгол газар нутагт тариа тарихыг хориглосон.

Энэ чинь ерөөсөө л тусгаар тогтнол явж байгаа байхгүй юу. Тэр үед чинь ерөөсөө Монголын хүн ам зургаа долоон зуун мянга байсан. Том Чин гүрний хажууд, тэгээд хугацааны хувьд маш удаан шүү дээ. 230 гаруй жилийн турш дөрвөн жаран илээх ийм хугацаанд, Монгол оршин тогтнож үлдсэн байгаа байхгүй юу. Гадагшаа ингээд дэлхийг эзэлж байсан бол тэр үед дотогшоогоо бясалгал хийгээд ухамсрын, оюун ухамсрын хамгийн оргил дээд цэгт нь хүрсэн байна шүү дээ. (Далай лам 1903 онд шилдэг 25 аграм ламыг дагуулж ирсэн. Тэгээд хүрээний дацан лам нартай ном хаялцаад ганц ч ламыг дийлээгүй гэж байгаа. Тэгээд далай лам өөрөө Лундайгарам гэдэг ном заалгаад шавь ороод өвөлжсөн шүү дээ.) Нэг ёсондоо хоёр туйлд хүрч үзсэн ард түмэн гэдэг өнцгөөс нь харвал их сонирхолтой.

Сэтгүүлч: Нэг насандаа учирч байгаа, нэг насыг хамт туулах хань ижил гэдэг бас л их том ерөөл гэж байгаа биз?

Маш их учир барилдлага. Утга учиртай байж байж л уулзаж байгаа хэрэг шүү дээ.

Хайр гэдэг нь авахын нэр биш өгөхийн нэр байдаг. Болзолгүй хайр. Жинхэнэ төлөв нь тийм байхгүй юу. Тэгтэл бид нар дандаа хайр гэдгийг өөрийгөө хайрлуулахын нэр юм шиг ойлгочихдог. Нэг ёсондоо би чамд хайртай нь биш, чи надад хайртай юу гэдэг нь чухал болоод байгаа. Мэдээж хайрлуулах хэрэгцээ байгаа л даа. Гэхдээ гол зорилго нь бол Өгөх. Хайр надад ирсэн нь ямар аз вэ, тийм их аз жаргалыг надад өгсөн юм чинь тэр хүн маань улам аз жаргалтай байгаасай гэсэн ийм сэтгэл зүй байх ёстой байхгүй юу. Энэ чинь л өгч байгаа хэлбэр.

Зүгээр л би чамайг хайрлахад жаргалтай байхад зөрүүлж би юухан нэхэх юм бэ?

Хайр маш амархан үзэн ядалт болж хувирсан байдаг. Энэ нь яагаад гэхээр хайрыг авахын нэр гэж бодсон байдаг.

Хайраас холдохоороо хүмүүс хөрдөг юм. Бие махбодийн түвшинд боддог ч юмуу сэтгэхүйгээс үүсээд байгаа. Хайраас холдохоороо л хүмүүс зовдог юм.

Гарч байж орох боломж олддог.

Сэтгүүлч: Хэн нэгэн хүн хэн нэгэн хүнтэй насандаа туршдаа амьдарна гээд сонгочихсон бол бодлоо өөр тийш нь сарниулахгүй байх, дагаад тэр бие нь тийшээгээ явахгүй байх, хүсэл нь явахгүй байх тэрийгээ анзаараад байх.

Аанхан. Бодлоо ажиглах ёстой. Хэрвээ тэгэж чаддаг бол салалт ч гэдэг юмуу, хоорондоо ойлголцохгүй байдал үүсэхгүй. Нэг шуналын ч юмуу, атаархлын ч юмуу эсвэл өөр юманд голсон ч байдаг юмуу тэр бодлоо дэмжээд, дэмжээд тэр бодол нь нэг юманд хүргэж байж таараа. Игогийн ерөндөг нь хайр байгаа юм.

Хариу нэхэхгүйгээр, хардаж сэрдэхгүйгээр, ашиг харахгүйгээр зүгээр л хайрлаарай!

Хүүхдээ зөв зүйтэй болгоё гэх юм бол яаж хайрладгийг, яаж хуваалцдагийг, яаж талархдагийг, яаж бие биендээ тусалдгийг заамаар байна шүү дээ. Тархийг биш зүрхийг бэлдмээр байна. Тархи бол мэдлэг хөөцөлддөг. Зүрх бол юуг ч шүүдэггүй. Ямар ч хана хэрэм байдаггүй, бүгдийг энэрдэг, хайрладаг, өршөөдөг, уучилдаг, багтаадаг тийм л зүйл шүү дээ.

Хайр хайрыг дагуулдаг. Чи юу хүсч байна түүнийгээ л өгөөд бай!

Гол зүгээр л урсдаг шиг,
Уулс зүгээр л сүндэглэдэг шиг,
Салхи зүгээр л сэвшдэг шиг,
Нар зүгээр л гэрлээ түгээдэг шиг зүгээр л хайрлая! Зүгээр л хайрлацгаая!

Mongoljin
mongoljinworld@gmail.com

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн