Монгол Ертөнц уншиж байна

Хархорум 795 Эрдэм шинжилгээний хурал

Анх 1998 оны 01-р сарын 15-ны өдрийн УИХ-ын хуралдаанаар УИХ-ын гишүүн Лүндээжанцан, Бадамдамдин нараар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, Хархорин хотыг улсын нийслэл болгох асуудал хэлэлцэгдэж байжээ. Мөн 2003 онд баталсан МУ-ын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд МУ-ын нийслэлийг Хархорин жишиг хотын хөтөлбөрийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлжээ.

Их Монгол улсын нийслэл Хархорум хотын 795 жилийн (2015 он) ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод илгээсэн МУ-ын 4дөгч Ерөнхийлөгч З. Элбэгдоржийн мэндчилгээнд:

“Эрхэм хүндэт зочид төлөөлөгчдөө, эрдэмтэн судлаачдаа,

Их эзэн Чингис хааны эрхшээн соёрхсон, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын 795 жилийн ойн баярын мэндчилгээг нийт ард түмэндээ өргөн дэвшүүлье ээ.

Түүхийг бүтээсэн ухаант өвөг дээдэсдээ мэхийж, алдар сууг нь бишрэн хүндэтгэе.

Хархорум хот бол холын газар, усны уртаас түмэн хэлийн хүн цугларсан, дэлхийн их гүрний нийслэл байсан. Монголчууд морин өртөө, цаасан мөнгө, гүрэн улсыг холбосон их зам, төр цэргийн удирдлагын эд хавыг Хархорумаас дэлхийд түгээж байсан юм. Монголын эртний төрт улсуудын хаадын өргөө, нийслэл ч Орхоны хөндийд оршиж байсан түүхтэй. Хархорин бол Монголын буддын шашин, соёлын тодрон гэрэлтсэн өлгий нутаг, ариун дагшин газар билээ.

Монголчууд түүхийн ээдрээ нугачаатай урт замыг туулахдаа Хархорум хот болон үндэсний Монгол бичгээ гээж байсан удаагүй билээ. Үүнийг бид машид анхаарч үзэх учиртай.

Дотоод, гадаадын судлаачдын хүчээр эртний Хархорум хотын судалгаа, малтлагын ажил амжилттай өрнөж байна. Судалгаанд суурилсан төлөвлөгөө, хөгжлийн зам л биднийг хөтөлнө. Хархорум хотын 795 жилийн ойд зориулсан энэхүү эрдэм шинжилгээний бага хурал судалгааны салбарт шинэ санаа өгсөн, бүтээлч хүмүүст урам зориг хайрласан бодит ажил болно гэж итгэж байна.

Миний бие гадаад, дотоодын тэргүүлэх эрдэмтэн судлаачидтай хамтран Хархорум хотыг сэргээн байгуулах, Монгол улсын жишиг хот болгон хөгжүүлэх тухай олон жилийн өмнөөс судалж, тодорхой ажлуудыг зохион байгуулж ирсэн.

Хархорум хотыг сэргээн байгуулж, Монгол үндэстний өлгий нутаг Орхоны хөндийд 21-р зууны хөгжлийн шинэ төв бий болгох нь бүс нутгийн болоод Монгол улсын ирээдүйн хөгжилд асар их үүрэг гүйцэтгэнэ гэдгийг дахин тэмдэглэж хэлье ээ.

Зарим үндэстэн түүх уншиж өнгөрдөг бол зарим үндэстэн түүхийг бүтээж өгдөг юмаа. Бахархах түүхээ бүтээх ирээдүйнхээ хүч болгон илүү их хөдөлмөрлөж, илүү их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Монгол улсын ерөнхийлөгч Захиагийн Элбэгдорж гэжээ.”

Уг хуралд УИХ-ийн гишүүн Лүндээжанцан оролцож сэтгэгдлээ хэлэхдээ:

Их Монгол улсын нийслэл Хархорум хотын 795 жилийн ойг ямар ч байсан марталгүй ингээд Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байгаад би хувиасаа их талархаж байна. Сая ерөнхийлөгчийн илгээлт дотор нэг чухал үг орлоо “Түүхийг уншиж өнгөрөх биш, өөрсдөө бүтээж бий болгох хэрэгтэй” гэдэг ийм том чухал санаа орсон байна. Би бас үүнд талархаж байна.

Энд хуран цугларсан хүмүүс бол газар газрын олон эрдэм шинжилгээний байгууллагын хүмүүс зөвхөн Хархориныхон энэ хурлыг хийгээгүй байх гэж бодож байна.

Энэ ер нь бол Монголчуудын зүрх сэтгэл, оюун ухаанд бол Хархорин, Хархорум гэдэг нийслэл бол бидний санах цэг, даллах цэг болсоор ирсэн ийм өлгий нутаг аа” хэмээн цохон онцолжээ.

 

Mongoljin
mongoljinworld@gmail.com

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн