Монгол Ертөнц уншиж байна

Хөгжлийн бодлого-2050, МУ-ын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын төсөл

30 жилийн дүгнэлт, 30 жилийн зорилт

Хаана хүрэхээ харахгүй бол тэнд хэзээ ч очиж чадахгүй…

МУ-ын их хурлын дарга, эрхэм гишүүдээ,

Та бүхэнд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн мэнд дэвшүүлье!

Их эзэн Чингис хааны зуун мянга хүрэхгүй Монгол цэргүүд Энэтхэгээс Вьетнам, Солонгосоос Балканы хойг хүрсэн Монголын эзэнт гүрнийг 30 жилийн дотор байгуулж байсан түүхтэй. Тэгвэл бид шинэ үндсэн хуулиа баталж, Ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш мөн 30 жилийн хугацаа өнгөрсөн байна.

30 нас гэдэг бол хүнээр харьцангуй төлөвших нас юм, хошуу дэвсэх хүмүүсийн тоо багасч, хариуцлага нь ихэсч, олны харц нэмэгдэх нь зүй ёсны асуудал юм. Нэг үгээр хэлбэл, Монголын ардчилал өнөөдөр нялх биш болсон байна. Ардчилсан хувьсгал Монголчууд бидэнд эрх, эрх чөлөө, олон уургач үзэл, хэвлэл мэдээллийн олон намын тогтолцоо бүхий парламентын засаглал, зах зээлийн эдийн засаг зэрэг олон чухал зүйлсийг авчирсан нь түүхэн үнэн юм.

1991 онд Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 790 сая ам.доллар байсан бол өнөөдөр 13,8 тэрбум ам.доллар болж 17,5 дахин өссөн байна. Энэ нь ч бас тоон утгаараа чамлахааргүй амжилт юм аа. Хэдий тийм боловч баян ядуугийн ялгаа эрс гүнзгийрч, орлогын тэгш бус байдал газар авч, далд эдийн засаг цэцэглэж, нийгмийн шударга ёс алдагдаж, нийт хүн амын 28,4% буюу гурван хүн тутмын нэг нь дунджаас доогуур түвшинд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа нь өнгөрсөн 30 жилийн гашуун сургамж юм аа.

Тийм ч учраас Ардчилсан хувьсгалын 30 жилийн амжилт ололт, алдаа дутагтлыг нэгтгэн дүгнэж, айсуй 30 жилийг урт хугацаагаар төлөвлөх үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол улсын ерөнхий сайд У. Хүрэлсүх захирамж (2019 оны 04-р сарын 31-ний өдөр) гарган байгуулсан билээ. Ажлын хэсэгт холбогдох яам агентлагийн 329 мэргэжилтэн, 21 аймаг, 330 сумын 618 төрийн албан хаагч, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн 181 эрдэмтэн, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн 384 төлөөлөл, нийти 1512 хүн оролцож, нэг жилийн хугацаанд ажиллалаа. Энэхүү үзэл баримтлал төсөлд саналаа өгч, идэвхитэй хамтран ажилласан нийт ард иргэд, улс төрийн намууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудад ажлын хэсгийнхнийхээ өмнөөс гүн талархал илэрхийлье.

Ирээдүйг илүү тод харахын тулд өнгөрснөө зөв дүгнэх шаардлагатай нь ойлгомжтой. Өнгөрсөн 30 жилийн хөгжлийн бодлогод зохис дүн шинжилгээ хийхийн тулд Монгол улсын сүүлийн 100 орчим жилийн хөгжлийн бодлогыг таван үе шатанд хуваан авч үзсэн болно. Мөн 1914 оны Монголоор хамтарсан нийгэмлэг, 1924 оны Баялгийг бадруулах хэлтэс, 1932 оны Шинэ эргэлтийн бодлого, 1945 оны улсын төлөвлөгөөний комиссоос боловсруулсан найман удаагийн таван жилийн төлөвлөлт болон Монгол улсын хөгжлийн үзэл баримтлал, Монгол улсын 21-р зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр, Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Мянганы хөгжлийн зорилтот суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 зэрэг Монгол улсын хөгжилд түүхэн үүрэг гүйцэтгэсэн тогтоол шийдвэр, хөгжлийн баримт бичгүүдэд нарийвчилсан шинжилгээ хийж, олон улсын байгууллагуудтай хамтарч, нөхцөл байдлын дүгнэлт гаргасан.

Нөхцөл байдлын шинжилгээгээр Монгол улс өнөөдөр ижил гараанаас гарсан дэлхийн бусад орнуудаас хөгжлийн суурь үзүүлэлтээрээ хоцорч яваа хэвээр байна.

Аялал жуулчлалын өрсөлдөх чадвараар 136 орноос 102-т, нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгд жагсдаг ч газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн хэмжээгээр 192 орноос 180-д, нэгд хүнд ноогдох малын тоогоор дэлхийд тэргүүлдэг ч түүхий эд, хүнсний экспортоор өнөөдрийг хүртэл бид дэлхийд эрэмбэлэгдэж чадаагүй байна.

Монгол хүүхэд оюуны чадавхиар дэлхийд 7-р байранд бичигдэж байна. Гэвч оюуны чадавхиа хэрэглэх ур чадвараар 49-р байранд, хэрэглэх чадвараа хөгжүүлэх байдлаар 59-рт, бүтээх үзүүлэлтээр 111-т орж байна.

Их дээд сургуулийн өрсөлдөх чадвараар бид эхний 1000-д ч эрэмбэлэгдэж чадахгүй байсаар байна. Монгол улсын их сургууль л гэхэд өнөөдрийн байдлаар 3018-д жагсаж байна.

Монголчууд бид гуравхан саяулаа ч хүний хөгжлийн үзүүлэлтээр 189 орноос 92-т, боловсролын үзүүлэлтээр 103-т, дундаж наслалтын үзүүлэлтээр 107-д, өрсөлдөх чадварын индексээр 141 орноос 102-т эрэмбэлэгдэж, төстэй 60 оронтой харьцуулахад Грек, Аргентина, Харват болон Венусэлийн өмнө 57-д жагсаж байна.

Үндсэн шалтгааныг далайд гарцгүй, дэд бүтэц сул хөгжсөн, хот хөдөөгийн ялгаа их, уур амьсгалын эрс тэс нөхцөлтэй, уул уурхайгаас хэт хамаарал бүхий тогтвортой бус эдийн засгийн хөгжилтэй холбоотой хэмээн мэргэжилтнүүд холбон тайлбарлаж байна.

Түүнчлэн сонгууль дагасан дөрвөн жилийн циклтэй, төрийн мэргэшсэн албан хаагчид улс төрөөс шалтгаалж тогтвортой ажиллах боломжгүй байдаг, гадны хөрөнгө оруулалтад таатай ханддаггүй, гэрээгээр хүлээсэн үүрэгтээ эзэн болдоггүй, хариуцлага хүлээх чадвар сул зэрэг засаглалын гажуудал хөгжилд томоохон чөдөр тушаа болж байгааг ч мэргэжилтнүүд онцоллоо.

Эрдэмтэн судлаачид, ажлын хэсэг, олон улсын байгууллагын зөвлөхүүд өнгөрсөн 30 жил бий болсон Монгол улсын хамгийн эмзэг асуудал бол орлогын тэгш бус байдал гэдэгт санал нэгдсэн. Economist сэтгүүлээс эрхлэн гаргадаг дэлхийн ардчиллын индекс 2020 оны тайланд ч олон улсын хэмжээнд ардчиллын томоохон сорилт бол ирээдүйд тэгш бус байдал байна гэдгийг онцоллоо. Энэ ч утгаараа дэлхийн улс орнууд чинээлэг дундаж давхаргын нийт хүн амд эзлэх хувийг нэмэгдүүлэх асуудалд түүхэн ач холбогдол өгөн анхаарч байна.

Хаана хүрэхээ харахгүй бол тэнд хэзээ ч очиж чадахгүй нь тодорхой.

Салбар дамнасан томоохон сорилтуудыг богино хугацаанд, нэг засгийн газар шийдвэрлэх боломжгүй нь ч ойлгомжтой юм. Тиймээс л улс орнууд хөгжлийн бодлогоо урт хугацаагаар, өөрийн үндэсний онцлогтоо тулгуурлан төлөвлөж байна. Жишээлбэл, ОХУ-2036 он хүртэл, Энэтхэг-2030 он, Ирланд-2040 он, БНХАУ-2050 он, Сингапур-2030 он, Казакстан-2050 он, Израйл-2050 он, Норвеги-2060 он, Япон-2114 он хүртэл тус тус хөгжлийн бодлогоо урт хугацаагаар төлөвлөсөн байна.

Дэлхий даяар тархсан титэм вирусын нөлөөлөл, хурдацтай өрнөж буй аж үйлдвэрийн 4-р хувьсгал зэрэг хүчин зүйлс дэлхийд, тэр дундаа даяарчлалд цоо шинэ хөгжлийн хандлага авчрахаар байна.

Дэлхийн эдийн засаг 2050 он гэхэд хоёр дахин нэмэгдэж, БНХАУ, АНУ, ОХУ, Индонейз, Мексик, Турк зэрэг улсууд дэлхийн эдийн засагт 50%-ийг үйлдвэрлэж, Энэтхэг, Вьетнам, Бангладеш зэрэг улс орнууд хамгийн хурдацтай өсөлттэй эдийн засагтай болж эдийн засгийн шинэ тоглогж болох урьдчилсан тооцоолол гарч байна.

Алсын Хараа-2050, хөгжлийн үзэл баримтлал нь Монголын эзэнт гүрний түүх, нүүдэлчин соёл иргэншил, үндэсний давтагдашгүй ижилсэл ба ондоошилд  суурилж, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, олон улсын дэвшилтэд үзэл баримтлалтай хослуулсан Монгол хөгжлийн загвар юм.

Улсын их хурал, засгийн газраар батлагдан гарсан өмнө салангид 567 баримт бичгийн эмхэтгэл гэж бас ойлгож болох юм.

Энэхүү үзэл баримтлал нь:

  1. Үндэсний нэгдмэл үнэт зүйл
  2. Хүний хөгжил
  3. Амьдралын чанар ба дундаж давхарга
  4. Эдийн засаг
  5. Сайн засаглал
  6. Ногоон хөгжил
  7. Амар тайван аюулгүй нийгэм
  8. Бүсчилсэн хөгжил
  9. Улаанбаатар ба Дагуул хот гэсэн 9 зорилго, 50 зорилтоос бүрдэх бөгөөд 2020-2030 он(нэгдүгээр үе шат), 2031-2040 он(хоёрдугаар үе шат), 2041-2050 он(гуравдугаар үе шат) гэсэн гурван арван жилээр хөгжлийн үе шатуудыг тодорхойлж, шалгуур үзүүлэлтүүдийг тооцсон болно.

Нийт 187 томоохон төслийг хэрэгжүүлэхээр тусгаснаас 52 төслийн хувьд техник, эдийн засгийн үндэслэлийг цоо шинээр хийх шаардлага гарч байгаа юм.

Монгол улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, бодлогын гол цөм нь Монгол хүн байх бөгөөд дэлхийн банкны аргачлалаар чинээлэг дундаж давхаргын суурь түвшинг 16,2%-аар тооцож 2050 он гэхэд нийт хүн амын 80%-ийг дундаж давхаргад оруулах зорилтыг дэвшүүлсэн.

Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний суурь түвшинг 4009 ам.доллараар тооцож, 2030 онд 8299 ам.доллар, 2040 онд 12000 ам.доллар, 2050 онд 15000 ам.доллар байхаар тооцож, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 6,1 дахин тэлж, 2015 оны зэрэгцүүлсэн үнээр 168,3 их наяд төгрөгт хүргэхээр тооцооллоо.

Үндэсний нэгдмэл үнэт зүйл, үндэсний аюулгүй байдал, байгаль орчны асуудлыг тус үзэл баримтлал, салбар дамнасан асуудал нэвчих үнэт зүйлээр тусгасан бөгөөд асуудлын логик уялдаа, шалтгаан холбооны давхцалыг тодорхойлсон аргачлалыг ашигласан болно.

Эрүүл мэнд, боловсролын салбарын чанар, орон сууц, орлогын түвшин, хүрээлэн буй орчин, баталгаат ажлын байр, амьдралын чанар, сэтгэл ханамжийн түвшин, нийгмийн аюулгүй байдлыг сайжруулах замаар хүний хөгжлийн үзүүлэлтийн суурь түвшинг 0,74-өөр тооцож, 2030 онд 0,8-д хүргэх, 2040 онд 0,85-д хүргэх, 2050 онд 0,9-д хүргэх томоохон зорилтыг тавьсан.

Эдийн засгийн өрөөсгөл бүтэц, тогтворгүй өсөлтийг шийдвэрлэхийн тулд нэмэн өртөг шингээсэн уул уурхайг, түүнийг холбосон дэд бүтцийн томоохон төслүүд, боловсруулах аж үйлдвэрийн салбар, үүн дотроо хүнд, хөнгөн, хүнс гэсэн гурван төрөлтэйгөөр.

Эрчим хүчний салбар, тээвэр логистикын салбар, төрөлжсөн аялал жуулчлал түүнийг дагасан үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл, мэдлэгжсэн бүтээлч эдийн засгийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбараар зарлаж, төрөөс бодлогоор онцгойлон дэмжихээр тусгаж, импорлогч улсаас экспортлогч улс байх томоохон зорилтыг мөн дэвшүүллээ.

Эдийн засгийн дундаж өсөлт 6% байхад энэ хөтөлбөр бүрэн хэрэгжих үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд эрсдэлийн шинжилгээгээр эдийн засгийн суурь тооцооллуудыг хамгийн бага үзүүлэлтээр нь авч үзлээ.

Монгол улс 2030 онд 4 сая, 2040 онд 4,6 сая, 2050 онд 5,4 сая хүн амтай байхаар байна. Хүн амын төвлөрлийн эсрэг нэгдсэн бодлого одоо хэрэгжүүлэхгүй бол нийслэл Улаанбаатар хотын хүн ам 3,6 саяд хүрэх төлөвтэй байна. Тиймээс хот хөдөөгийн зохис тэнцвэрийг тусгасан эдийн засгийн жам ёсны хөгжлийн хурдацтай уялдуулах замаар бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тогтоосон болно.

Энэ үзэл баримтлал хэрэгжих үндэс суурь нь мэдээж сайн засаглал. Сайн засаглалыг бүрдүүлэхийн тулд улс төр, бизнесийн эрх мэдлийг ангилж, хувь хүн, бүлэгт үйлчилдэг биш, хуульд захирагддаг төр засгийг төлөвшүүлж, улс төр намын санхүүжилт болон шүүх засаглалын хяналт тэнцвэрт томоохон реформ хийх шаардлагатай байгаа нь харагдаж байна.

Их дээд сургуулиуд, судалгааны хүрээлэнгүүд, хэвлэл мэдээллийн байгууллагууд төр засгийн шийдвэрийг академик түвшинд үнэлж, төр засгийн үйлчилгээг хүнээс хараат бус болгох, цахим зорилтыг дэвшүүлж, ёс зүй өндөр иргэний нийгмийг төлөвшүүлэн бүрдүүлэхэд засаглалын томоохон зорилтуудыг тусгасан.

Хөрвөх чадвар бүхий Монгол хүнээ дэмжиж, эх оронч, эрүүл чийрэг, дэлхийд өрсөлдөх боловсролтой, эргэлтийн хөрөнгөтэй, идэвхитэй Монгол иргэнээр нийгмийн хөгжлөө хурдасгаж, өрсөлдөх чадвараар бүс нутагтаа төдийгүй дэлхийд тэргүүлцгээе ээ!

2050 он гэхэд дэлхий дахин Монгол улсын өнгөрсөн 30 жилийн ололт амжилтыг сайшаан магтаж, Монгол улсын амжилтаас суралцах түүхийг хамтдаа бүтээцгээе!

Эцэг дээдэс маань 30 жилийн дотор дэлхийн түүхийг өөрчилсөн шиг, эх орон маань 30 жилийн дотор дэлхийд гайхагдсан хөгжлийн түүхийг дахин бүтээх болтугай!

Монгол улсын их хурлын эрхэм гишүүд ээ,
Алсын Хараа-2050, Монгол улсын хөгжлийн урт хугацааны үзэл баримтлал батлах тухай их хурлын тогтоолын шийдвэрийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, ажлын хэсгийн ахлах Л. Оюун-Эрдэнэ

Тэмдэглэн тодруулсан: Монголжин

Mongoljin
mongoljinworld@gmail.com

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн